Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн тоо буурч байна
Дэлхий дээр хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн тоо буурч байгаа дүн мэдээг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас танилцууллаа.
Мэдээллийн алба

Дэлхий дээр хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн тоо буурч байгаа дүн мэдээг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас танилцууллаа. 5-17 насны нийт хүүхдүүдийн 10 хувь буюу 85 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн тэн хагас нь цэрэг дайны үйл ажиллагаанд оролцох, биеэ үнэлэх зэргээр амь насанд аюултай хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байна. Тэдний дийлэнх нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, гудамжинд гар дээрээс худалдаа эрхэлж байгааг тус тайланд дурджээ. Өнөөгийн байдлаар бага насны хүүхдүүдийн нийт хөдөлмөр эрхлэлтийн байдлыг дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад 20 хувиар буурсан бөгөөд энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой гэж тайлбарлаж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах төлөвлөгөөнд дурьдсанаар 2016 он гэхэд хүүхдийн хүнд хүчир хөдөлмөрийг устгахыг зорьж байна.


















