Хүүхдийн өсөлт, хөгжилтөд цэвэр агаар нэн шаардлагатай
Хүүхэд амьдарч байгаа өрөөг тогтмол агааржуулах, хүйтний улиралд 3-4 цаг тутам 10-15 минут, зун салхивчийг өдөржин нээлттэй байлгавал сайн.
Мэдээллийн алба

Хүүхэд амьдарч байгаа өрөөг тогтмол агааржуулах, хүйтний улиралд 3-4 цаг тутам 10-15 минут, зун салхивчийг өдөржин нээлттэй байлгавал сайн. Өрөөний агаарын дулаан 1 сар хүртэлх хүүхдэд 22°С, 2-3 сараас 20-21°C, 3 сараас дээш насанд 18-19°С байвал зохино.
Хүүхэд байдаг өрөөнд угаалга хийх, хоол бэлдэх, тамхи татахыг цээрлэ. Тамхины утааны никотин хор хүүхдийн амьсгалаар уушгинд орж хортой нөлөө үзүүлдэг.
Хүүхдийн өсөлт, хөгжилтөд цэвэр агаар нэн шаардлагатай байдаг. Дулааны улиралд хүүхэд төрснөөс хойш 5-7 хоногийн дараа гадаа гаргаж 10-15 минутаас 2-3 цаг хүртэл хооронд нь завсарлагатайгаар агаарт байлгана. Агаарт унтуулсан ч зүгээр.
Харин намар, өвлийн улиралд хүүхдийг 2-3 долоо хоногтойгоос нь дулаахан хувцаслаж -10-15°С-аас илүүгүй хүйтэнд, салхигүй тогтуун үед агаарт гаргаж болох бөгөөд хүүхдийг урьдчилан +20-22°С-ийн дулаан өрөөнд 2-3 минут нүцгэн байлгаж улмаар хугацааг аажмаар 10-50 минут хүртэл уртасган хүйтэн сэрүүнд дасгасан байх ёстой.
Заримдаа агаарын бохирдол ихтэй орчинд гадаа гараад ч хүүхэд агаараар хангагдахгүй, агаарын харьцангуй дутагдалд ордог тул амралт чөлөөгөөрөө хүүхдээ авч хотоос гадагш зугаалж сайхан агаартай орчинд аваачин салхилуулж байх нь хүүхдэд нэн ашигтай гэж эмч зөвлөж байна.


















