Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний баг ажиллаж байна
Алтанбулаг суманд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан амин дэм, витаминаар хангах ажлыг эхлүүлээд байна.
Мэдээллийн алба

Төв аймгийн есөн сумын 227 иргэн коронавирусээр өвчилсөн байна. Тэдний 38 нь хүүхэд байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Хүүхэд хамгаалал-боловсролын бүлэг”-ийн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний баг ажиллаж байна.
Тус баг нь халдвар бүртгэгдсэн сумдын Засаг дарга болон Нийгмийн бодлогын мэргэжилтэн нартай утсаар холбогдож арга зүйн зөвлөмж, цар тахлаар өвчилсөн гэр бүл, хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, нээлттэй утас ажиллуулж байна.
Зуунмод сумын эрсдэлт нөхцөлд байгаа 13 өрхөд хүнсний тусламж, Аргалант сумын дотуур байр болон гэрийн ажиглалтад байгаа зорилтот өрхийн 69 хүүхдэд дархлаа дэмжих амин дэмт бүтээгдэхүүний тусламж үзүүлж нийт 3 сая төгрөгийг зарцуулсан бол Алтанбулаг суманд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан амин дэм, витаминаар хангах ажлыг эхлүүлээд байна.
Мөн батлагдсан тохиолдлын ар гэрийн 67 хүүхдэд түргэвчилсэн үнэлгээ зохион байгуулж асран хамгаалагч тогтоох шаардлагатай 22 хүүхдийг илрүүлж, хоёр өрхийн зургаан хүүхдийг төрөл садан, гурван өрхийн 14 хүүхдийг бие даалган амьдруулж сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн, Хүүхэд хамгааллын багийн гишүүд тогтмол эргэлт хийж, хяналт тавин ажиллаж байгаа талаар эх сурвалж онцоллоо.
Асран хамгаалагч тогтоох боломжгүй хоёр хүүхдийг сумын сургуулийн дотуур байранд шилжүүлэн сургуулийн захиргаа хариуцан ажиллаж байгаа юм.

Т.Саранчимэг


















