Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Мэдээллийн алба

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Хуулийн төсөл өргөн барих үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Монгол Улсын Үндсэн хуулийн 16.11 дэх хэсэгт гэр бүл эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах үүрэгтэй гэсэн заалт бий. Мөн Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон. Гэвч боловсролын орчноос бусад орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуулиар хориглоогүй” хэмээн танилцуулав.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь 20 гаруй жил хэрэгжиж байгаа материаллаг шинжтэй хууль бөгөөд хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтийг хянах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх арга зам, зохицуулалт, хариуцлагын тогтолцоог нарийвчлан тодорхойлсон хуулийг шинээр батлан гаргах шаардлагатай болсон хэмээн үзэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Эдгээр хуулийн төслүүдийг Монголын хүүхдийн байгууллагын 90 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд УИХ-д өргөн барьж байгаа нь онцлогтой болохыг хуулийн төслийг өргөн барих үеэрээ УИХ-ын даргад танилцуулсан юм.


















