Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг дэмжив
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээр ахлуулан байгуулж, ажлын хэсэг төслийн талаар саналын томьёоллыг бэлтгэн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, санал хураалгажээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхнны хэлэлцүүлгийг хийсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээр ахлуулан байгуулж, ажлын хэсэг төслийн талаар саналын томьёоллыг бэлтгэн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, санал хураалгажээ. Мөн хүүхэд харах үйлчилгээг зөвхөн иргэн зохион байгуулахаар хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан тус хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагчаас асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлахад, төслийн 3.1.2-3.1.6 дахь заалтыг “хүүхэд харагч” гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэнийг; “хүүхэд харах суурин үйлчилгээ” гэж хүүхэд харагч энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан орчинд гэрээт үйлчилгээ эрхлэхийг; “хүүхэд харах явуулын үйлчилгээ” гэж хүүхэд харагч энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан орчинд очиж, тодорхой хугацаанд гэрээт үйлчилгээ явуулахыг; ”хүүхэд харах үйлчилгээний байр” гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан, хүүхдийн амьдрах хэвийн нөхцөлийг хангасан бүх төрлийн орон сууц, байшин барилга, өрөө, танхимыг;” хэлэхээр өөрчлөн найруулах санал дэмжигдэв. Мөн төслийн 5 дугаар зүйлд “5.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно” гэсэн агуулгатай хэсэг нэмэхээр болов.
Байнгын хорооны саналаар “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна”. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо 5-аас илүүгүй байх бол хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар нь 15-аас илүүгүй байх аж. Мөн хүүхэд харах үйлчилгээг суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулахаар болж байна. Түүнчлэн “Эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгах, тариа тариулахыг хориглоно”, “Хүүхэд харагч нь хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэл, дарамт шахапт үзүүлэх зэрэг шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно” гэсэн саналыг гишүүд дэмжсэн юм.
Тус байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 39, найруулгын шинжтэй 11 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.


















