"Хүүхэд хөгжил-2016" судалгаа Хөвсгөл аймагт хэрэгжлээ
Хөвсгөл аймаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн хөтөлбөрт аймгаар сонгогдон 2012-2016 онд олон төрлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн хөтөлбөрт аймгаар сонгогдон 2012-2016 онд олон төрлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд 2012 онд Хүүхэд хөгжил судалгааг Үндэсний Статистикийг Хороо болон НҮБ-ын Хүүхдийн сангийн техник, арга зүйн зөвлөмжтэйгээр Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтэс амжилттай зохион байгуулж явуулсан туршлагатай.
Тэгвэл 2016 онд “Хүүхэд хөгжил 2016” судалгааг дахин амжилттай явуулж хаалтаа хийлээ. Давтан явуулж байгаа судалгаа нь эхний судалгаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх зорилготой төдийгүй цаашид бүс нутгийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх бодлогыг тодорхойлох, дэлхийн өмнө хүлээсэн үүрэг, амлалатаа Монгол Улс хэрхэн биелүүлж байгаад үнэлэлт өгөхөөрөө ач холбогдолтой. Олон байгууллагуудын чармайлт, хамтын ажлын үр дүн болох Хүүхэд хөгжил 2016 судалгаагаар Хөвсгөл аймгийн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг судалж, аймаг, орон нутгийн түвшинд цаашдын бодлого, хөтөлбөр боловсруулахад шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг бий болгож байгаагаараа үнэ цэнэтэй.
Хүүхэд хөгжил судалгааг зохион байгуулахад Үндэсний статистикийн хорооны 10 мэргэжилтэн багш Хөвсгөл аймагт ирж ажилласан бөгөөд 45 сонсогчдод нийтдээ 120 цагийн хичээл зааж судлаачдыг мэргэшүүлжээ. Мөн судалгааны 5 баг 60 гаруй мянган км зам туулж 106-ын багийн 2650 өрхөөр орж ойролцоогоор 795000 асуултыг иргэдээс асууж ажиллажээ.
Энэ удаагийн судалгааг цаас хэмнэсэн аргачлалаар буюу орчин үеийн мэдээллийн технологи ашиглаж таблетийн аргаар зохион байгуулагдсан анхны цогц судалгаа гэдгээрээ анхаарал татаж байна. Усны чанар болоод давсны иодын агууламжийг газар дээр нь шалгаж үр дүнг нь тухайн айлд мэдээлэх боломжтой байсанд иргэд олзуурхаж байсан юм.
“Ид өвлийн жавар тачигнаж ихэнх сумдууд цас зудын байдалтай байсан ч Залуусын маань халуун эрч хүч цалгиж , хүүхдийн тэнгэр ивээсний хүчинд судалгааны үйл ажиллагаанд ямар нэгэн саад учраагүй, төлөвлөгөөт хугацаандаа амжиж “Хүүхэд хөгжил 2016” судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг өндөрлүүллээ. Одоо мэргэжлийн статистикчдийн боловсруулсан мэдээллийг тархаах, бодлогын шийдвэр гаргагч нарт хүргүүлэх, цаасан дээр буусан зөвлөмжийг ажил хэрэг болгох хамгийн чухал ажил үлдэж байна” гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Э.Эрдэнэцэцэг онцолж байлаа.



















