Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигчийг дэмжлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн мэдүүлсэн.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн мэдүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 19 цаг 14 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох тухай асуудал хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулга хийлээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогтыг томилуулахаар санал болгож, түүний товч намтрыг танилцуулсан юм.
Нэр дэвшигч С.Бямбацогт нь Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй юм. 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж, 2012-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, даргаар ажиллаж байв. Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвар, удирдан зохион байгуулах туршлагыг нь харгалзан С.Бямбацогтыг дээрх албан тушаалд томилуулахаар санал болгож буйгаа Ерөнхий сайд танилцуулсан юм.
Нэр дэвшигчийн талаархи танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Үг хэлсэн гишүүд Шалган нэвтрүүлэх газрыг хуучин харьяанд нь буюу Хил хамгаалах ерөнхий газарт буцаан авчирах, мөн төрийн тусгай албан хаагчдад үйлчлэх зориулалтаар баригдсан эмнэлгийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд буцааж шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг дэмжлээ.


















