Хуульч Б.Пүрэвсүрэн Европын холбооны Хүний эрхийн шагнал хүртлээ
Хүний эрхийг хамгаалах чиглэлээр чухал үүрэг гүйцэтгэсэн, тууштай зүтгэсэн эрхмүүд болон байгууллагад олгодог тус шагналыг өчигдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Б.Пүрэвсүрэнд гардуулсан байна.
Мэдээллийн алба

“Глоб Интернэшнл” төвийн хуульч Болдхуягийн Пүрэвсүрэн Европын холбооны Хүний эрхийн шагнал хүртлээ. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр чухал үүрэг гүйцэтгэсэн, тууштай зүтгэсэн эрхмүүд болон байгууллагад олгодог тус шагналыг өчигдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Б.Пүрэвсүрэнд гардуулсан байна.
Энэ үеэр Б.Пүрэвсүрэнг хүний эрхийг хамгаалах тал дээр хуулийн болон өмгөөллийн чиглэлээр ажилласнаас хараат бус, бие даасан судалгааны бүтээлүүд туурвисан, судлаач, мэргэжилтний хувьд мэдээлэл олж авах эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг “олон талт” байдлаар дэмжсэн хэмээн түүнд Европын холбооны Хүний эрхийн шагнал олгосон болохыг онцолжээ.
Хуульч, сэтгүүлч Б.Пүрэвсүрэн хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр түүчээлэн ажилладгаас гадна “Глоб Интернэшнл” төвд хандсан хүн бүрт үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбатыг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар буруутгаж, торгууль оногдуулсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар, шүүх хуралдаж тухайн торгуулийг хүчингүй болгосон юм.
Ташрамд дуулгахад, Б.Пүрэвсүрэн “Гудамжны хууль” ном бичиж, өнгөрсөн зургаадугаар сард хэвлүүлжээ.



















