Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо
Дорноговь аймгийн Прокурорын газраас санаачлан Дорноговь, ГовьСүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Прокурорын газраас санаачлан Дорноговь, ГовьСүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн Шинжилгээний алба зэрэг хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сайншанд суманд зохион байгуулж дээрх байгууллагуудын 40 орчим алба хаагчид оролцжээ.

Зөвлөгөөний үеэр аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу ”2016 онд шүүхээс нэмэлт хэрэг бүртгэх, мөрдөн байцааалтынажиллагаа хийлгэхээр буцсан хэргийн үндэслэл, хэргийн холбогдогчийн зүйлчлэл өөрчилсөн, хэрэг цагаатгасан тухай, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд анхаарах асуудал”сэдвээр мэдээлэл мэдээлэл хийсэн бол Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б.Даваацэрэн "Гэмт хэргийн илэрүүлэлт, гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг хуулийн анхны хугацаанд шалгаж шийдвэрлэсэн байдал цаашид анхаарах асуудал”, Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Б.Баясгалан "Хэргийн газраас шинжээч нарын илэрүүлсэн ул мөрөөр эрүүгийн хэргийг илэрүүлсэн байдал цаашид анхаарах асуудал”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа П.Ууганбаяр "Цагдан хорих байрны үйл ажиллагаа цаашид анхаарах асуудал”, аймгийн Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга цагдаагийн ахмад Х.Уранбаяр "Ялтанг хуяглан хүргэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал" зэрэг сэдвээр тус тус мэдээлэл хийжээ.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэж буй байдал, хэргийн нотолгооны хувьд анхаарах асуудал, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, прокурорын хяналтын ажлын чанар, үзүүлэлт, байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудаас гаргаж буй алдаа зөрчил, тэдгээрийн шалтгаан нөхцөл цаашид анхаарах асуудал, байцаан шийтгэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан санал солилцож, цаашид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсон ба зөвлөгөөнөөс цаашид анхаарах асуудлыг тодорхой тусгасан зөвлөмж гаргахаар шийдвэрлэжээ гэж Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.


















