Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.05.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.05.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараахь өөрчлөлтийг тусгажээ.
1. Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдох гарах зардлын тооцоо хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалууд хамаарахгүй хууль тогтоомжийн хүрээг тодорхойлох.
2. Дээр дурдсан аргачлалын дагуу судалгаа, үнэлгээ, зардлын тооцоо хийсэн талаархи материалыг хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын үе шатанд бүрдүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг хуульд нэмж тусгах.
3. Багц хуулийн төслийг хууль санаачлах эрх бүхий 3 субъект болох Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар аль аль нь боловсруулж, өргөн мэдүүлж байх.
4. Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хуулийн төслийн төрөлд хамааруулах.
5. Улсын Их Хурлын Тамгын газар эрх зүйн дүгнэлт гаргахгүй, харин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүд, Байнгын, дэд, түр хороодын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх” чиг үүргийнхээ хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх асуудлаар зөвлөмж гаргаж байх, уг зөвлөмжийг Байнгын, дэд, түр хороод хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхдээ харгалзан үздэг байх зэрэг өөрчлөлтүүд аж.
Хууль зүйн байнгын хороо төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, А.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж нар асуулт асууж, хариулт авсан юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд энэхүү хуулийн төсөл нь хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэх шаардлагыг хангасан эсэхийг тодруулсан.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, хуулийн төслийг өөрийн болон УИХ-ын цахим хуудсанд 45 хоног байршуулж иргэд, олон нийтээс санал авсан гэлээ. Түүнчлэн зургаан аргаар тандалт, судалгаа хийж, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, санал аваад хуульд заасны дагуу өргөн мэдүүлсэн хэмээн хариуллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, Ц.Нямдорж, Н.Учрал, Л.Элдэв-Очир, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийлсний бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


















