Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуурамч бичилт хийдэг зохион байгуулалттай этгээдүүд бий болжээ

ТЕГ нь энэ хугацаанд АТГ-ын хүсэлтээр 29, ЭЦГ-ын хүсэлтээр 106 компани, ААН-дэд өнөөдрийн байдлаар шалгалт хийгээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хуурамч бичилт хийдэг зохион байгуулалттай этгээдүүд бий болжээ
Хуурамч бичилт хийдэг зохион байгуулалттай этгээдүүд бий болжээ. Зураг: МҮОНРТ

Гэр хороололд амьдардаг иргэд болон нас барсан талийгаачдын иргэний үнэмлэхийг ашиглан компани байгуулах байдал эрчимтэй өсжээ. Өөрөөр хэлбэл тухайн иргэний эрхзүйн мэдлэг дутмаг байдлыг овжноор ашигладаг зохион байгуулалттай бүлэг хэдийн бий болжээ. Тэд татвараас зайлсхийх, улсад орох ёстой мөнгийг замаас нь зувчуулах зорилготойгоор компаниудыг олноор байгуулж байжээ. Тухайлбал нэр бүхий гурван иргэн Сүхбаатар дүүрэгт 17 компани, Чингэлтэй дүүрэгт 20 компани байгуулан НӨАТ-аас хуурамч падаан бүрдүүлэх замаар их хэмжээний мөнгө завшдаг байна.

Зохион байгуулалтай гэмт этгээдүүд зөвхөн нэг сарын хугацаанд л гэхэд 1-10 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, энэ хэмжээгээр улсад хохирол учруулдаг гэнэ. Компанийн эздийг хаягийн дагуу очиж шалгахаар очиход гэр хороололд юм уу, орцны жижүүрээр ажилладаг амьжиргааны түвшингээс доогуур амьдралтай, эрх зүй мэдлэггүй иргэд байдаг аж. Иргэд чухам ямар асуудалд орооцолдсноо тэр бүр мэдэхгүй улмаас өөрсдийн иргэний үнэмлэхээ бусдад нэг удаагийн багахан мөнгө төгрөгөөр ашиглуулдгаа нуусангүй.

Татварын Ерөнхий Газраас 2013 онд хуурамч падаан бүрдүүлэн ашигладаг компаниудад шалгалт хийлгэх зорилгоор тусгай нэгж байгуулан ажилласны дүнд зөрчлүүдийг илрүүлээд байна. Одоогийн байдлаар 90 компаний татварын үйл ажиллагааг блоклоод байгаа аж. Эдгээр компаний зөвхөн гурван нэр бүхий компанид дэлгэрэнгүй шалгалт хийхэд тус гурван компанитай хуурамч падаанаар орооцолдсон 832 компани байгааг илрүүлэн тогтоожээ.

ТЕГ-ын байнгын үйл ажиллагаатай нэгжийн зүгээс хийсэн шалгалтын үр дүнд өнөөдрийн байдлаар хуурамч хасалт хийсэн 832 ААН-ийн 258 компанитай биечлэн уулзсан бөгөөд 2013 онд хамаарах зөрчлөөс 11,3 тэрбум төгрөгт ногдох, 1,1 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Түүнчлэн 2013.12.16-ны байдлаар 90 ААН-ийн НӨАТ-ын падааны тайлагналтын эрхийг түтгэлзүүлж, зөрчилтэй байж болзошгүй 60 ААН-ийг нэмэлт байдлаар судлан шалгаж байна. Эдгээр ААН-ээс НӨАТ-ын падаан зарсан нь батлагдсан 40 компанийн тайланд шинжилгээ хийж үзэхэд нийт 319,3 тэрбум төгрөгийн борлуулалтын бичилт хийсэн боловч нэг ч төгрөгийн татварыг улсад төлөөгүй нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл 319,3 тэрбум төгрөгөөс компаниуд хоорондоо бичсэн бичилтийг хасч үзэхэд 134,3 тэрбумын цэвэр борлуулалт буюу улсын төсөвт 13,4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байгааг ТЕГ нуусангүй.

ТЕГ нь энэ хугацаанд АТГ-ын хүсэлтээр 29, ЭЦГ-ын хүсэлтээр 106 компани, ААН-дэд өнөөдрийн байдлаар шалгалт хийгээд байна.

Харин зохион байгуулалттай гэмт этгээдүүдийг хуулийн байгууллагынхан илрүүлж, тогтоосон бөгөөд сэжигтнүүдийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Түлхүүр үг:НӨАТ
Хуваалцах