“Хөвүүн заяа”, "Үйлтэй байшин” ном монгол хэлнээ орчуулагдлаа
"Азхур" номын их дэлгүүрт энэ сарын 16-ны өдөр Ц.Гомбосүрэнгийн орчуулсан дэлхийн сонгодог уран зохиол Ф.М.Достоевскийн “Хөвүүн заяа”, Юрий Трифоновын “Үйлтэй байшин” номын нээлт болно.
Мэдээллийн алба

"Азхур" номын их дэлгүүрт энэ сарын 16-ны өдөр Ц.Гомбосүрэнгийн орчуулсан дэлхийн сонгодог уран зохиол Ф.М.Достоевскийн “Хөвүүн заяа”, Юрий Трифоновын “Үйлтэй байшин” номын нээлт болно. Номыг "Азхур" ХХК-ийн дэргэдэх "Болор судар" хэвлэлийн газар эрхлэн гаргаж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд орчуулагч Ц.Гомбосүрэн, 0“Үйлтэй байшин” номын редактороор ажилласан Санжаагийн Баяр, “Хөвүүн заяа” номын редактор Данзандоржийн Баясгалан зэрэг зочид хүрэлцэн ирэх аж.
Орчуулагч Ц.Гомбосүрэн өөрөө Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж, Монгол төрийн “Алтан гэрэгэ”-г түшилцэж явсан бөгөөд дэлхийн сонгодог бүтээлүүдийг уншигчдад хүргэх томоохон үүрэг хүлээсэн нэгэн. Ц.Гомбосүрэн гуайн орчуулсан уран зохиолын ном өнөөдөр бестселлер болж байхад уншигчид маргааш нь түүнээс дахин шинэ бүтээл “нэхэж” л байдаг.

“Хөвүүн заяа” номын тухайд: /Орчуулагчийн хэлсэн үгнээс/
Аркадий бол хамжлагын албат хүний хууль ёсны гэр бүлийн хүүхэд, гэхдээ цусан эцэг нь хамжлагын эзэн өөрөө. Энэ хууль бус эцэг нь түүнийг хар нялхаас нь бусдын гарт өгсөн учраас эцэг эхийн элбэрэл хайрыг үзээгүй, харц гаралтайдаа шаналж өссөн нэгэн. Гэхдээ зохих шатны сургуулиар дамжсаар гимнази төгссөн, толгойд нь хорвоог яаж барах тухайд нэгэн “санаа” төрсөн нэгэн. Тэр “санаагаа” хэрэгжүүлэх гэж зүтгэх явцдаа, алаг хорвоогийн эрээн барааныг ердөө ойр тойрныхныхоо амьдрал ахуйгаас ухаарч, шунал тачаалын төөрөгдөл юүгээн орхихоор шийдэн, зөв оршихуйн зам мөрийн улбааг олсон нэгэн.

Харин “Үйлтэй байшин” номын тухайд:
Ю. В. Трифонов (1925-1981) зохиолч хорин зургаатайдаа Зөвлөлт Холбоот Улсын төрийн шагнал хүртсэн боловч уран бүтээлчийн сайн, муу хэл ам дагуулдаг дардан бус замыг туулж, эцсийн бөлөгт улсдаа төдийгүй дэлхийд алдаршжээ. Гадаадын олон хэлэнд зохиол нь орчуулагдсан үзүүлэлтээрээ Юрий Трифонов өнгөрсөн зууны Зөвлөлт-Оросын зохиолчид дотроос Борис Пастернак, Михаил Шолохов, Михаил Булгаков, Юлиан Семёнов нарын дараа айргийн тавд багтдаг байна. Утга зохиол судлагчдын хүрээнд Трифоновыг “шинэ үеийн Достоевский” гэж тодорхойлдог. Роман зэрэг том хэмжээний бүтээл цөөнгүйг туурвисан боловч өөрөө “хотын амьдралын” тухай цуврал туужуудаа илүүд үздэг байсан. Тэдгээр туужаас нь хамгийн алдартай нь болох “Үйлтэй байшин”, “Солио холио”, “Ондоо амьдрал” гурваар нь энэ ботийг бүтээв. Энэ бол түүний монгол хэлээр гарч буй анхны ном юм.


















