Хятадын “Beidou” системийн олон улсын хувилбар ирэх жил ашиглалтад орно
Хятадын “Beidou” системийн олон улсын хувилбар ирэх жил ашиглалтад орсноор Америкийн GPS (Global Positioning System), Оросын Глонасс, Европын Холбооны “Галилей” системийн дараах дэлхийн дөрөвдэх навигацийн систем болох юм
Мэдээллийн алба

БНХАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар навигацийн хиймэл дагуулын систем хөгжүүлж, “Beidou” аппликэйшнд зориулсан газрын зураг боловсруулсан талаар CCTV мэдээллээ.
Энэ системийг хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж, хөгжүүлсэн учраас дэлхийн навигацийн хиймэл дагуулын системийг хөгжилд том хувь нэмэр оруулна хэмээн онцолж байна.
Хятадын иргэний агаарын тээврийн салбар “Beidou” буюу “Долоон бурхан од” аппликэйшний хамрах хүрээг аажмаар тэлж, энэ системийн тусламжтайгаар 2035 оны эцэс гэхэд агаарын тээврийн аюулгүй байдал, үр ашигтай ажиллагааг дээд зэргээр хангах болно гэж төлөвлөжээ. Энэхүү систем нь аюулгүй байдлын эрсдэлийг бууруулаад зогсохгүй уламжлалт навигацийн системийн сул талыг нөхөх боломжтой юм байна.
“Beidou” навигацийн системийг Хятад улс 1990 оноос эхлэн хөгжүүлсэн бөгөөд 2012 оноос Ази номхон далайн бүсэд ашиглаж эхэлсэн. Хятад улс системээ хөгжүүлэхэд зориулж 10 хиймэл дагуулыг сансарт илгээхээр төлөвлөсөн бөгөөд ингэснээр “Beidou” дэлхийн сүлжээг 2020 онд амжилттай дуусгах аж.
Сонирхуулахад, Хятадын “Beidou” системийн олон улсын хувилбар ирэх жил ашиглалтад орсноор Америкийн GPS (Global Positioning System), Оросын Глонасс, Европын Холбооны “Галилей” системийн дараах дэлхийн дөрөвдэх навигацийн систем болох юм.


















