Хятадын гадаад худалдаа 14 сар дараалан өсчээ
урд хөршийн гадаад худалдааны импорт, экспортын нийт дүн 14 сар дараалан эерэг өсөлттэй гарчээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоодугаар сард Хятадын гадаад худалдааны дүн 3.27 их наяд юаньд хүрсэн талаар CCTV мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн урд хөршийн гадаад худалдааны импорт, экспортын нийт дүн 14 сар дараалан эерэг өсөлттэй гарчээ.
Тухайлбал, энэ оны эхний долоон сарын байдлаар импорт, экспортын нийт дүн 21.34 их наяд юань болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 24.5 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Нарийвчилбал, экспорт 11.66 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 24.5 хувь өссөн бол импорт 9.68 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 24.4 хувиар нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хятад улс шинэ зах зээлийг идэвхтэй нээж, олон улсын зах зээл дэх төлөвлөлтөө сайжруулж байна.
Хятад улсаас АСЕАН, Европын холбоо, АНУ болон Японтой хийсэн импорт, экспортын хэмжээ 3.12 их наяд, 2.96 их наяд, 2.62 их наяд болон 1.37 их наяд юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 24.6, 23.4, 28.9 болон 12.6 хувиар өссөн байна.


















