Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын хиймэл арлууд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно

Өмнөд Хятадын тэнгист хиймэл арлууд босгон, эдгээртээ дэд бүтэц байгуулах Хятадын төлөвлөгөө хуваарийн дагуу үргэлжилж, дуусах төлөвтэй байна. Хятадын Наньша аралд нислэгийн зурвас байгуулах ажил дууссан

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын хиймэл арлууд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно
Хятадын хиймэл арлууд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Өмнөд Хятадын тэнгист хиймэл арлууд босгон, эдгээртээ дэд бүтэц байгуулах Хятадын төлөвлөгөө хуваарийн дагуу үргэлжилж, дуусах төлөвтэй байна. Хятадын Наньша аралд нислэгийн зурвас байгуулах ажил дууссан гэх мэдээллийг тус улсын Гадаад хэргийн яам баталгаажуулжээ.

Тодруулбал, тун удахгүй эдгээр хиймэл арлаас Хятадын байлдааны нисэх онгоцууд туршилтын нислэг үйлдэж эхэлнэ гэж зарим ажиглагчид таамаглаж байна. Учир нь Хятадын хиймэл арал дахь нислэгийн зурвасууд байлдааны болон бөмбөгдөгч онгоц хөөрөх боломжтой байхаар хийгджээ. Хятадын эрх баригчид хиймэл арлуудаа энхийн зориулалтаар, тухайлбал, эргийн харуул хийх, загасчлалын асуудлаар судалгаа явуулахад ашиглана гэж тайлбарлаж байгаа ч эдгээр арлын дэд бүтцийг цэргийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтойгоор байгуулсан нь олон улсыг түгшээж байна. Дийлэнх хэсгийг нь Хятад улс өөрийн харьяаллынх гэж маргадаг Өмнөд Хятадын тэнгисээр жилдээ таван их наяд америк долларын бараа бүтээгдэхүүн ачсан хөлөг онгоцууд дамжин өнгөрдөг юм.

Мөн өнгөрсөн бямба гарагт Хятадын иргэний агаарын тээврийн онгоц хиймэл аралд туршилтын нислэг хийж, амжилттай газардсан юм. Үүний дараа энэ бүс нутгийг мөн л өөрийн эзэмшлийнх гэж маргадаг Вьетнам дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлсэн бол Филиппиний Гадаад хэргийн яамнаас Хятадтай адил туршилтын нислэг зохион байгуулна гэж мэдэгдсэн байна. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг бүрэн хяналтандаа авч ингэснээр бусад улс тухайн бүс нутагт далайн навигацийн эрхээ гүйцэлдүүлэх боломжгүй болно гэж бусад улс болгоомжилж байгаагаас энэ нь үүдэлтэй юм. Мөн өчигдөр АНУ-ын эрх баригчид Хятадын онгоц туршилтын нислэг үйлдсэнийг зэмлэн буруушаажээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ Өмнөд Хятадын тэнгис дэх арлаас Хятадын онгоц туршилтын нислэг үйлдсэн нь газар нутгийн маргаантай орнуудын хоорондох түгшүүртэй байдлыг нэмэгдүүлж, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж байна гэсэн байна.

Хуваалцах