Хятадын цөөн тоот үндэстний наадам эхэллээ
Дөрвөн жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг Хятадын үндэстний цөөнхийн спортын 11 дүгээр их наадам ӨМӨЗО-ны төв Хөх хотод морин уралдаанаар эхлэв
Мэдээллийн алба

Дөрвөн жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг Хятадын үндэстний цөөнхийн спортын 11 дүгээр их наадам ӨМӨЗО-ны төв Хөх хотод морин уралдаанаар эхэлсэн талаар урд хөршийн CCTV мэдээллээ.
Дээрх наадмын нээлтийн ёслолын үеэр улсын далбаа залах, уралдааны туг өргөх, хадаг дээдлэх баг болон шүүгчдийн зөвлөл, үндэстний хувцастай тамирчид тайзнаа жагссан байна. Мөн төрийн дууллаа эгшиглүүлж, “Хятад улсдаа би хайртай” хэмээх тус наадмын сүлд дууллыг эгшиглүүлэн тугаа өргөжээ. Түүнчлэн тус ёслолын нээлтийн үгийг БНХАУ-ын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн дэд дарга Гүө Вэй Пин хэллээ. Дараа нь ӨМӨЗО-ны нам засгийн удирдлагууд нээлтийн ёслолд баяр хүргэж үг хэлсэн аж.
Дашрамд дуулгахад, наадмын хурдан морины уралдааны үеэр жороо морь, морин дээрээс сур харвах, хадаг шүүрэх уралдаан болох бөгөөд Хэбэй, Шаньси, Өвөр Монгол, Хэнан, Юннань, Төвд, Хөх нуур, Шинжаан, Шинжааны цэргийн бүтээн байгуулалтын анги зэрэг есөн томоохон муж, орны төлөөлөгчдийн баг, 305 тамирчин 365 морь, 13 тэмээтэй хурд хүчээ сорих аж. Тус уралдаан энэ сарын 17-нд өндөрлөнө.


















