ХЗБХ: Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд
Мэдээллийн алба

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээ хэлэлцэнэ” гэж заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.
Хуулийн төслийн 1, 2 дугаар зүйлтэй холбогдуулан асуулт асуух, бичгээр санал гаргасан гишүүн байгаагүй ба УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувийн саналаар дэмжигдэв.
Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


















