Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Киев өрнөдөөс танкууд хүлээж авах нь баталгаажсанаар сөнөөгч онгоцууд руу хараачилж байна

Украин НАТО-гийн холбоотнуудаасаа байлдааны дээд зэрэглэлийн танк хэдэн арвыг авах нь баталгаажиж байгаа энэ үед Америкийн "F-16" зэрэг барууны дөрөв дэх үеийн сөнөөгч онгоцуудыг авахаар зүтгэхээ мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Киев өрнөдөөс танкууд хүлээж авах нь баталгаажсанаар сөнөөгч онгоцууд руу хараачилж байна
Киев өрнөдөөс танкууд хүлээж авах нь баталгаажсанаар сөнөөгч онгоцууд руу хараачилж байна. Зураг: МҮОНРТ

Украин НАТО-гийн холбоотнуудаасаа байлдааны дээд зэрэглэлийн танк хэдэн арвыг авах нь баталгаажиж байгаа энэ үед Америкийн "F-16" зэрэг барууны дөрөв дэх үеийн сөнөөгч онгоцуудыг авахаар зүтгэхээ мэдэгджээ.

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц харин Украинд сөнөөгч онгоцууд илгээх ямар ч боломжгүй гэдэг байр суурь илэрхийлсэн байна.

АНУ болон Германаас Киевт танкууд нийлүүлэхээр болсноо өчигдөр зарласнаар Украины цэргүүдэд асар их дэмжлэг очих нь тодорхой болоод байгаа. Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковын зөвлөх Юрий Сак харин “Одооноос шалавлуулах дараагийн том зорилт бол сөнөөгч онгоцууд байх болно” гэж мэдэгджээ.

“Ийм зэвсэгтэй болох нөхцөлд тулалдааны талбарт манай давуу тал асар их болно... Ганц "F-16" онгоцууд төдийгүй дөрөв дэх үеийн байлдааны онгоцууд бидний хүсч байгаа зүйл” гэж тэр ярьсан байна.

Харин Германы канцлер Олаф Шольц өчигдөр Бундестагт үг хэлэх үедээ, НАТО Украинд “одоо ч, хойшид ч” цэргүүд болоод байлдааны онгоцууд илгээхгүй гэдгийг мэдээлсэн байна.

НАТО мөн Умард Атлантын эсвэл Украины дээгүүр нислэггүй бүс тогтоохгүй, байлдааны ажиллагаанд шууд оролцохгүй гэдгийг тэр цохон тэмдэглэжээ.

Олаф Шольц "Бид Украиныг дэмжихийн тулд шаардлагатай бөгөөд боломжтой зүйлсийг хийж байгаа. Гэхдээ үүний хамтаар бид одоогийн дайныг Орос, НАТО-гийн хоорондын дайн болж даамжрах явдал гаргуулахгүйн төлөө байгаа гэдгээ хийж буй бүх зүйлдээ үргэлж тодорхой харуулах ёстой" гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй өмнө нь Киевт “Леопард-2” танкууд илгээхээр болсонтой холбоотой нөхцөл байдлыг хэлэлцсэн талаараа Бундестагт мэдээлжээ.

Украины Ерөнхийлөгч Зеленский өчигдөр орой мэдэгдэлдээ, өрнөдөөс танк нийлүүлэх шийдвэр гарсанд талархахын хамт “одоо хамгийн гол нь, ажлын хурд болон тоо хэмжээ” гэдгийг онцолсон байна.

“Манай цэргүүдийг сургаж дадлагажуулах, Украинд танкуудыг нийлүүлэх ажлыг хурдавчлахын зэрэгцээ танкийн дэмжлэгийн тоо хэмжээ чухал байна” гэж тэр мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков АНУ, Германы Украинд танкууд илгээх болсныг “ихээхэн сүйрэл дагуулах төлөвлөгөө” гэж нэрлэлээ.

Мөн “Өрнөд Леопард-2 болон Абрамс Эм-1 танкуудын газрын тулаанд үзүүлэх нөлөөг хэт үнэлж байна” гэж мэдэгджээ.

Хуваалцах