Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ким Жон Ун Лангшон мужид галт тэргээр хүрэлцэн ирж Ханой руу машинаар явна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны тусгай галт тэрэг Вьетнамын Хятадтай хил залгаа орших Лангшон мужийн Донгдан галт тэрэгний буудалд хүрэлцэн ирж, цаашаа удирдагч Ханой хот руу машинаар явна гэж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ким Жон Ун Лангшон мужид галт тэргээр хүрэлцэн ирж Ханой руу машинаар явна
Ким Жон Ун Лангшон мужид галт тэргээр хүрэлцэн ирж Ханой руу машинаар явна. Зураг: МҮОНРТ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны тусгай галт тэрэг Вьетнамын Хятадтай хил залгаа орших Лангшон мужийн Донгдан галт тэрэгний буудалд хүрэлцэн ирж, цаашаа удирдагч Ханой хот руу машинаар явна гэж Ханойд болох БНАСАУ болон АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэг дэх эх сурвалж мэдээлжээ. Эх сурвалжийн хэлснээр, Ким Жон Уны галт тэрэг 26-ны өдөр Донгдан төмөр замын буудалд ирнэ, эндээс умардын төлөөлөгчид автомашинд шилжин сууж хурдны замаар Ханой хотыг зорино, эндээс Ханой хүртэл 180-аад километр юм байна.

Одоо Донгдан галт тэрэгний буудлыг өндөр зочид хүлээн авахад бэлтгэж байна, галт тэрэгний буудлыг цэвэрлэж, байшин барилгын будгийг сэргээж, өрөө тасалгаануудыг амьд цэцгээр гоёж, буудал орчмын газрыг зүлэгжүүлж, бут сөөг тарьж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 23-ны өдөр өөрийн хуягласан галт тэргээр Пхеньянаас хөдөлсөн. Пхеньянаас Вьетнам хүрэх замын урт 4500 гаруй километр, хуягласан хүнд галт тэрэгний дундаж хурд 100 км/цаг байлаа гэж бодоход умардын удирдагч энэ аялалдаа 2 хоног зарцуулахаар байгаа юм. Солонгосын цахилгаан мэдээний агентлагийн уламжилснаар, Ким Жон Ун удирдагчийг энэ айлчлалд нь Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга КимЁнЧоль, Хөдөлмөрийн намын төв хорооны гадаад бодлогын хэлтсийн дарга Ли СуЁн, Хөдөлмөрийн намын төв хорооны боловсон хүчний асуудал эрхэлсэн орлогч дарга КимПёнХэ, төв хорооны санхүүгийн хэлтсийн дарга О СуЁн, гадаад хэргийн сайд Ли ЁнХо, батлан хамгаалахын сайд НоГванЧоль, мөн Ким Жон Уны төрсөн дүү Хөдөлмөрийн намын төв хорооны 1-р орлогч дарга Ким Ё Жон нар дагалдан явна.

Өчигдөр Ханой хотын Нойбай олон улсын нисэх буудалд “ЭйрКорио” компанийн Ил-76 онгоц газардсан байна, уг онгоцоор Умард Солонгосын аюулгүйн албаны 100 ажилтан, 2 жип машин болон Умардын удирдагчийн Вьетнамд хийх айлчлалаар аюулгүй байдлыг хангахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг авчирчээ. Онгоцонд Ким Жон Ун удирдагчийн хуягласан машин байгаагүй, магадгүй машин галт тэрэгний ачааны вагонд байж болох бөгөөд удирдагч Донгдан буудлаас Ханой руу машинаар ирнэ гэж байгаа нь үүнтэй холбоотой байж болох юм. Умард Солонгосын “Нодонсинмун” сонин Ким Жон Ун удирдагчийн Вьетнамд хийх айлчлалыг “эх орондоо үнэнч хүний аугаа их аялал” хэмээн үнэлж, дүгнэж байна.

Хуваалцах