Коосэн, бакалаврын хамтарсан хөтөлбөрийн элсэлтийн сорилыг улсын хэмжээнд зохион байгуулна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Инженер технологийн дээд боловсрол” төслийн удирдах хорооны 27 дахь удаагийн хурал өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Инженер технологийн дээд боловсрол” төслийн удирдах хорооны 27 дахь удаагийн хурал өнөөдөр боллоо.
Ээлжит хурлаар Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дунд сорил зохион байгуулах асуудлыг хэлэлцэн тогтлоо. Сорилыг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулах бөгөөд Улаанбаатар хотод тавдугаар сарын 19-ний өдөр, орон нутагт тавдугаар сарын 11-ний өдөр удирдамжийн дагуу зохион байгуулахаар боллоо.
Тус хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь зарим оюутанд чөлөө олгох, үргэлжлүүлэн суралцах зөвшөөрөл олгох асуудал байлаа. Эрүүл мэндийн болон өөрийн зардлаар өмнөх хичээлээ дахин судлах хүсэлтийн дагуу хоёр оюутанд жилийн чөлөө олгож, өнгөрсөн онд чөлөө аваад одоо үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргасан хоёр оюутны хүсэлтийг шийдвэрлэлээ.
Төсөлд хамрагдсан оюутнуудын дэвшин суралцах асуудлыг мөн энэ удаагийн хурлаар хэлэлцлээ. Коосэн хөтөлбөрөөс Япон Улсын их сургуульд дэвшин суралцах хүсэлтийнх нь дагуу зургаан оюутан, бакалаврын хамтарсан хөтөлбөрөөс консорциумын их сургуулийн магистрт дэвшин суралцах хүсэлтийнх нь дагуу найман оюутан, зэргийн сургалтын хөтөлбөрөөс дэвших хүсэлтэй хоёр оюутанд дэвшин суралцах зөвшөөрөл олгохоор боллоо.
Олон нийтэд “1000 инженер” гэх нэрээр танигдсан тус төслийн үр дүнг тайлагнах, олон нийтэд таниулах зорилгоор “Инженер технологийн дээд боловсрол төслийн 7 хоног” арга хэмжээг өнгөрөгч сард зохион байгуулсан. Арга хэмжээний тайланг энэ удаагийн удирдах хорооны хурлаар танилцууллаа. Өдөрлөгийн хүрээнд Монгол-Японы их сургуулиудын хамтарсан судалгааны хурал үзэсгэлэн, зөвлөмж лекц, “лабораториудын нээлттэй өдөр”, “1000 инженер-ажлын байр” нээлттэй өдөрлөг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан нь өндөр үр дүн үзүүллээ хэмээн төслийн Удирдах хорооны гишүүд дүгнэлээ.
Эх сурвалж: БСШУСЯ


















