Коронавирусний вакцин авсан 42 орны 36 нь чинээлэг орнууд байна
ДЭМБ чинээлэг болон буурай орнуудын дунд коронавирусний вакцины түгээлт тэгш бус байгаад санаа зовниж байгаагаа илэрхийллээ. Тус байгууллагын ерөнхий захирал Тедрос чинээлэг орнууд олон улсад гарч байгаа коронавирусний бүх вакцины д
Мэдээллийн алба

ДЭМБ чинээлэг болон буурай орнуудын дунд коронавирусний вакцины түгээлт тэгш бус байгаад санаа зовниж байгаагаа илэрхийллээ. Тус байгууллагын ерөнхий захирал Тедрос чинээлэг орнууд олон улсад гарч байгаа коронавирусний бүх вакцины дийлэнхийг аль эрт худалдаж авч, өндөр болон дундаж орлоготой орнууд биотехнологийн компаниудтай нэмэлт вакцин авахаар дараагийн гэрээ хэлэлцээрийг одоо хийж байна. Энэ бол бусдынхаа боломжийг булааж байгаа шударга бус явдал, иймд чинээлэг орнууд давуу байдлаа бусадтайгаа хуваалцах нь зүйтэй гэсэн уриалга гаргажээ.
Одоогоор бага орлоготой болон дундаж орлоготой орнуудын дийлэнх нь аль ч вакцинаас авч чадаагүй байгаа нь ДЭМБ-ын санааг зовоосон асуудал болжээ. ДЭМБ-ын удирдлагын мэдэгдсэнээр өнөөдрийн байдлаар дэлхийн 42 улс түрүүлж гарсан ковид-19 цар тахлын вакцинуудыг авч, иргэдээ вакцинжуулж байна. Тэдгээр 42 орны 36нь өндөр орлоготой буюу чинээлэг орнууд, дөнгөж зургаа нь дундаж орлоготой орнууд байгаа юм байна. Хэрвээ аль хэдийн вакцин авсан орнууд вакцин нь хүн амынх нь тооноос илүү гарахаар бол бусад улс орнууддаа хандивлахыг ДЭМБ уриалж байна.
Өөрөөр хэлбэл дэлхий даяар ковид-19 цар тахлын эсрэг тэгш хүртээмжтэй вакцинжуулалт хийхийн тулд улс орнууд илүү гарч байгаа вакцинаа ДЭМБ-ын дэргэдэх ковакс хөтөлбөрт хандивлах нь маш том хувь нэмэр болно гэж Тедрос мэдэгджээ. Одоогоор Ковакс хөтөлбөр улс орнуудад тэгш хүртээх үүднээс коронавирусний 2 тэрбум тун вакцин авахаар компаниудтай гэрээ байгуулжээ.
Мөн чинээлэг орнууд болон вакцин үйлдвэрлэгчид хоёр талын гэрээ байгуулахаа зогсоохгүй бол бага болон дундаж орлоготой улс орнууд вакцин авч чадахгүй байна гэж ДЭМБ үзэж байна.


















