Крис Хемсворт аварга загаснуудтай цуг сэлнэ
тус шоунд Крис Хемсвортоос гадна далай тэнгисийн эко байдалд санаа зовнидог Холливудын А зэрэглэлийн уран бүтээлчид оролцох юм байна
Мэдээллийн алба

“Thor” киноны гол дүрийг бүтээснээр дэлхий дахинд илүүтэй танигдсан алдарт жүжигчин Крис Хемсворт “National Geographic” телевизийн сувгийн ирэх зун болох “Sharkfest” арга хэмжээний “Shark beach” хэмээх тусгай шоуны оролцогчоор уригджээ.
Уг арга хэмжээ нь далай тэнгисийн амьдрал хийгээд хүн болон далайн амьтад хэрхэн дасан зохицдог талаар өгүүлэх бөгөөд тус шоуны талаар Крис Хемсворт “Би амьдралынхаа маш олон гайхамшигтай дурсамжаа далай тэнгис, аварга загастай хамт өнгөрүүлсэн. Хүн төрөлхтөн аварга загасыг хайрлаж, хамгаалах нь маш чухал. Далай тэнгис өөрийн эко системийг тэнцвэртэй байлгахын тулд л эдгээр махчдыг бүтээсэн. Тиймээс хүмүүс аварга загаснаас өөрсдийгөө хамгаалахын сацуу тэднийг мөн хайрлаж, хамгаалах хэрэгтэй. Энэ л миний уг шоунд оролцох болсон гол зорилго” гэжээ.
Крис Хемсворт аварга загаснуудтай сэлэх бэлтгэлээ аль хэдийн эхэлсэн бөгөөд Австрали дахь гэрийнхээ дэргэдэх далайн эрэгт бэлтгэл хийж байгаа аж.
Сонирхуулахад, тус шоунд Крис Хемсвортоос гадна далай тэнгисийн эко байдалд санаа зовнидог Холливудын А зэрэглэлийн уран бүтээлчид оролцох юм байна.


















