Куба улс Венесуэль улсад 30.000 тун вакцин хандивлаж байна
Куба улсаас хандивлаж байгаа коронавирусний эсрэг вакцины эхний багц Венесуэль улсад ирсэн байна.
Мэдээллийн алба

Куба улсаас хандивлаж байгаа коронавирусний эсрэг вакцины эхний багц Венесуэль улсад ирсэн байна. Кубын Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусний эсрэг "Абдала" вакцинаас 30 мянган тунг эхний ээлжинд Венесуэльд хүргэжээ.
Арлын Куба улсын эрх баригчид дотооддоо гарган авсан "Абдала" вакцин нь "Ковид-19" цар тахлын эсрэг 92.28 хувийн үр дүнтэй байгааг энэ 7 хоногт зарласан юм байна.
Куба ойрын хугацаанд "Абдала" вакцин 12 сая тунг Венесуэльд нийлүүлэхээр хоёр орны Засгийн газар хооронд энэ 7 хоногийн пүрэв гарагт гэрээ байгуулжээ.
Куба нь одоогоор коронавирусний эсрэг "Абдала", "Соберана" гэсэн хоёр нэр төрлийн вакцин гарган аваад байгаа юм. Тэдгээр вакцины аль аль нь ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх вакцины жагсаалтанд ороогүй байгаа хэдий ч Кубын эрүүл мэндийн хүрээлэнгүүд ойрын үед вакцин нь ДЭМБ-ын зөвшөөрлийг авна гэсэн итгэлтэй байгаа юм байна.
АНУ-ын гадаад бодлогод шүүмжлэлтэй ханддаг Куба, Венесуэль улсууд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ойрын холбоотны харилцаатай байж ирсэн байна.


















