Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

КУМАМОТО: Хүчтэй чичиргээ үргэлжлэн мэдэгдсээр байна

Японы Кумамото мужид газар хөдлөлтийн дараах хүчтэй чичиргээнүүд үргэлжлэн мэдрэгдэж байгаа талаар NHK мэдээлж байна. Японы цаг уур судлалын хүрээлэнгийн тоон мэдээгээр

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
КУМАМОТО: Хүчтэй чичиргээ үргэлжлэн мэдэгдсээр байна
КУМАМОТО: Хүчтэй чичиргээ үргэлжлэн мэдэгдсээр байна. Зураг: МҮОНРТ

Японы Кумамото мужид газар хөдлөлтийн дараах хүчтэй чичиргээнүүд үргэлжлэн мэдрэгдэж байгаа талаар NHK мэдээлж байна. Японы цаг уур судлалын хүрээлэнгийн тоон мэдээгээр тус бүс нутагт нийтдээ 650 гаруй чичиргээ бүртгэгджээ. Өчигдөр эдгээр дайвар чичиргээний хүч нэмэгдэж, Японы мөрддөг 7 зэрэг бүхий шатлалаас 5- болон 5+ түвшний хүчтэй 2 удаагийн чичиргээ мэдрэгдсэн байна. Үүнээс гадна ойрын өдрүүдэд мэдрэгдсэн 90 орчим чичиргээ мэдэгдэхүйц хүчтэй байсныг албаныхан онцоллоо.

Ирэх долоо хоногийн хугацаанд дахин хүчтэй газар хөдлөлт болж магадгүй талаар Японы цаг уур судлалын хүрээлэн анхааруулж байна. Мөн хөрсний гулгалт үүсэх аюул байгаа учраас сэрэмж болгоомжтой байхыг орон нутгийн иргэдэд санууллаа. Өнгөрсөн өдрүүдэд газар хөдлөлт болон ширүүн борооны улмаас 60 гаруй удаа хөрсний гулгалт үүссэн аж. Энэ үеэр "Сендай" атомын цахилгаан станцын Кюүшюү аралд байрладаг 2 реакторыг унтраах хэрэгтэй гэж үзэх хүмүүс олширч байна. Фукушима Дайичи атомын цахилгаан станцад болсон цөмийн ослын дараа Японы атомын цахилгаан станцуудад тавьдаг шаардлага, журмыг эрс чангатгасан. Энэ шинэчилсэн стандартыг ханган, Японд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа цор ганц атомын цахилгаан станц нь "Сендай" юм.

Хэсэг хуульч нэгдэн тус станцын реакторуудын үйл ажиллагааг зогсоох шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Мөн асуудлаар иргэдээс 340 гаруй санал гомдол иржээ. Газар хөдлөлтийн улмаас зам гүүр нурж, бүс нутаг дахь Шинкансен өндөр хурдны галт тэрэгний үйл ажиллагаа түр зогсоод байгаа энэ үед цөмийн реакторуудад осол гарвал ихээхэн гамшиг дагуулна гэж дээрх иргэд үзэж байна.

Хуваалцах