Л.Баттөр: Энэ сарын 16-нд онгоцоор ирсэн иргэдээс дельта вирус илрээгүй
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Мэдээллийн алба

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Олон улсын нислэгээр ирсэн иргэд вакцинжуулалтад хамрагдсан ч халдвар авах эрсдэлтэй учир вакцины бүрэн тун хийлгэсэн ч бай гэрийн ажиглалтад шилжиж байгаа. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдийг зочид буудалд тусгаарлаж байна. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүс вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэлээ коронавирусийн халдвар тээж ирэх, халдвар нь нууц үедээ байх магадлалтай учир Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нисэх онгоцны буудалд ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч байгаа.
Уг PCR-ийн шинжилгээгээр долоодугаар сарын эхэн үеийн нислэгээр ирсэн иргэдээс 22 эерэг тохиолдол бүртгэгдсэн. Бид коронавирусийн альфа, дельта хувилбарыг илрүүлэх PCR-т суурилсан шинжилгээ хийж байгаа. Дээрх 22 хүнээс коронавирусийн дельта хувилбар илрээгүй. “Олон улсын нислэгээр ирсэн хүмүүсээс коронавирусийн дельта хувилбар илэрсэн” гэх ташаа мэдээллийн талаар ХӨСҮТ-ээс болон бусад мэргэжлийн байгууллагаас асууж, лавлаж тодруулах боломж байсан ч эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл цацаж, олон нийтийг төөрөгдүүлж, хүн амыг стресс бухимдалд оруулж, дархлааг нь сулруулж байгаад харамсаж байна” гэлээ.
Мөн иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сулруулалгүй сайтар баримтлах хэрэгтэй гэв.


















