Л.Отгонжаргал: Ирэх тавдугаар сарын 25-нд нисэх загварын агаарын шоу хийнэ
-“Чингис хаан” олон улсын буудал одоогоор манай улсын мэдэлд бүрэн шилжээгүй. Тиймээс үндэсний жижиг АВИА компаниуд дотоодынхоо нислэгийг “Буянт-Ухаа”-гаас үйлдэж болдоггүй юм уу. Эдийн засгаа бодсон уу? - Засгийн газрын хоорондын концессын гэрээнд заасны дагуу арилжааны нислэг үйлдэж болохгүй. Тэр
Мэдээллийн алба

Туурга тусгаар улс болсноо дэлхий дахинд зарласан БНМАУ 1957 онд Буянт-Ухаагийн дэнж дээр нисэх буудлаа байгуулж, хүндэтгэлийн туузыг хайчилсан түүхтэй. Иргэний нисэхийн салбарын хөгжил цэцэглэлт, шинэ цагийн Монгол Улсын агаарын үүдэн хоймор болсон энэ өргөө өчигдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 22-нд 65 жилийнхээ ойг цомхон хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Буян хишгээ харамгүй хайрласан энэ л дэнж дээр газар газрын агаарын хүлгүүд үдлээд морддог ч тэдний хүлгийн жолоо чөдөртөө ороолцолдолгүйгээр хөөрдөг алтан жимтэй. Баатрууд, гавьяатуудын хөлсний үнэр нь энэ л өргөөнөө шингэж үлддэг алтан замналтай. Монголын төр түүхт 60 жилийнх нь ойгоор "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнасан байна. Нэгэн жарны түүхтэй их айлыг толгойлж, Монгол Улсын түүхэнд нисэх буудлын анхны эмэгтэй дарга гэж бичигдэж үлдэх гайхалтай эмэгтэй бол “Буянт Ухаа” олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал юм. Түүнтэй уулзаж, ирэх он жилүүдэд хийж гүйцэтгэх ажлыг нь сонирхлоо.
-Ярилцлагаа нисэх буудлын түүхээс эхэлье. Хойч үе маань энэ түүхийг мэдэх ёстой гэх үүднээс?
-БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор 1965 оны хоёрдугаар сарын 22-нд “Буянт-Ухаа”-гийн дэнж дээр нисэх онгоцны буудал байгуулах шийдвэр гарсан байдаг юм. Нисэх буудлынхаа нэрийг өгөхдөө ч ерөөл бэлэгдлийг нь оршоож “Буянт-Ухаа” хэмээе гэж. Тэр цагаас хойш 65 жил өнгөрсөн байна. Нисэх буудал маань хөгжлийн тодорхой үе шатыг ардаа орхисоор өнөөдөртэй золгосон. Хааны алба халаатай гэдгээр хойч үедээ халаагаа өгч 2021 оны долоодугаар сарын 4-д “дүү” нисэх буудал болох “Чингис хаан” олон улсын нисэх буудал шинээр ашиглалтад орсон. Эдүгээ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал маань Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу нөөц байдлаар үйл ажиллагаагаа явуулна. Нөөц гэх тодотголд юу юу хамрах вэ гэхээр тусгай үүргийн онгоц, захиалгат нислэгүүдийг хүлээж авахаас гадна, ИНЕГ-ын харъяа сургалтын төв болох юм. Тиймээс бид энэ дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Нөгөөтэйгүүр та бүхэн анзаарсан бол “Олон улсын” гэх статусаа хадгалж үлдсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд статусаа баталгаажуулж авсан. Иргэний нисэхийн тухай хуулийн 139-дүгээрт заасны дагуу тусгай дүрмээр гэрчилгээждэг. Манай хамт олон улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй болсондоо урамшиж, олон улсын жишгээр ажиллах зорилго тавин ажиллаж байна. Баярын энэ өдөр хамт олондоо, үе үеийн ажилтан албан хаагчиддаа 65 жилийн ойн баярын мэнд хүргье.
-"Чингис хаан" буудал ашиглалтад орох сургаар танайхыг хувьчилж өөр зориулалтаар ашиглах сонирхол бүхий хүмүүс мэр сэр гарч ирсэн. Монголын төр нөөц байдлаар ашиглах ёстой гэх шийдвэрийг гаргасан нь зөв зүйтэй алхам болсон. Нисэх буудал гандаж, гундах уу, өсч хөгжих үү гэх тухайд танай хамт олны хичээл зүтгэл харуулах л үлдлээ ...
-Монгол Улс зайлшгүй тохиолдолд ашиглах нөөц нисэх буудалтай байх ёстой гэх шийдвэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гаргасан гэдгийг энд онцлон хэлье. Энэ шийдвэрт нийцүүлэн зорилго, зорилтоо тодорхойлж, ирэх таван жилд хийж гүйцэтгэх мастер төлөвлөгөөгөө боловсруулж байна. Нөөц буудал гээд алмайрч суух эрх бидэнд үгүй. Зайлшгүй тохиолдол гарлаа гэхэд онгоц хүлээж авах, зорчигч бүртгэх гээд нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг ханган ажиллаж ёстой. Үүнийхээ хажуугаар бид мөнгө олж, түүгээрээ дотоод асуудлаа шийдэх үүрэгтэй. Ашгийн төлөө байгууллага шүү дээ. Бидэнд хийж хэрэгжүүлэх олон ажил бий. Тухайлбал, буянаа хайрласан энэ дэнж дээрээ нисэхийн соёл амралтын ногоон төв байгуулахаар төлөвлөж байна. Мөн олон жил нислэг үйлдээд ашиглалтынх нь хугацаа дууссан агаарын хүлгүүдээрээ үзэсгэлэн нээх төлөвлөгөө бий. Гадна талбайн музей ч гэж ойлгож болно. Иргэд хүүхдүүдээ агаарт гаргангаа онгоц гэж ийм сайхан зүйл байдаг юм, дотор нь орохоор ийм гэхчилэн тайлбарлаж өгөх бололцоог олгоно. Хөвгүүд бүгд л онгоцны нисгэгч болно гэж мөрөөддөг шүү дээ. Аэродромоо олон улсын байгууллагуудтай хамтран нисэхийнхээ чиглэлээр ашиглана. Өнөөдрийн байдлаар манай талбайг хувийн жижиг компаниуд сургалтын чиглэлээр ашиглаж буй. Олон улсын агаарын жижиг онгоцны үзэсгэлэн худалдаа, шоуг зохион байгуулна. Автомашины яармаг ч зохион байгуулж болно. Гэх мэт олон ажил хийнэ ээ. Манай энэ хонхорт 55 мянган хүн оршин суудаг. Тэдэнд зориулан улирлын чанартай үзэсгэлэн худалдааг ч зохион байгуулж болох юм. Хамгийн ойрын төлөвлөгөө гэвэл ирэх тавдугаар сарын 25 нд нисэх хүчин үүсч хөгжсний 97 жилийн ойд зориулан нисэх загварын агаарын шоу хийхээр бэлтгэл ажилдаа орсон.
-“Чингис хаан” олон улсын буудал одоогоор манай улсын мэдэлд бүрэн шилжээгүй. Тиймээс үндэсний жижиг АВИА компаниуд дотоодынхоо нислэгийг “Буянт-Ухаа”-гаас үйлдэж болдоггүй юм уу. Эдийн засгаа бодсон уу?
- Засгийн газрын хоорондын концессын гэрээнд заасны дагуу арилжааны нислэг үйлдэж болохгүй. Тэр дагуу зөвхөн захиалгат, хувийн, онцгой, тусгай үүргийн нислэгийг хүлээж авах үйлчилгээ үзүүлнэ. Арилжааны нислэгээс өөр бусад зориулалтаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой. Манайд жижиг АВИА компаниудын хувийн онгоцууд буулт, хөөрөлтөө хийж байна. Бидний хувьд нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааны дагуу нөөц нисэх буудлынхаа бэлэн байдлыг 24 цагаар хангаж ажиллах үүрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
М.Даваадулам


















