Л.Цог “Монголия сейчас” агентлагийн төлөөлөгчидтэй уулзлаа
“Монголия сейчас” мэдээллийн агентлагийн төлөөлөгчид Крымд болж буй үйл явдлын талаар ямар байр суурьтай байгааг тодруулан лавлаж байлаа. Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, “Аливаа улсын ард иргэд өөрсдийн хувь заяаг өөрсдөө шийдэх ёстой.
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог ОХУ-ын “Монголия сейчас” мэдээллийн агентлагийн төслийн удирдагч Антон Коваленко, Ерөнхий редактор Григорий Денисов нарыг хүлээн авч уулзлаа.
Санкт Петербург хотод төвтэй тус агентлаг Монгол Улсын хуулиудыг орос хэлнээ хөрвүүлэх, Монголын түүх, соёл, сүүлийн үеийн мэдээллийг Оросын ард түмэнд, тэр дундаа шинэ залуу үеийнхэнд хүргэх ажлыг зохион байгуулж байгаа талаар төслийн удирдагч Антон Коваленко дэд даргад мэдээлсэн. Мөн тэрбээр Монгол Улсад ирэх намар тэмдэглэх Халх голын ялалтын ойн тухай, Монгол Улс, ОХУ-ын харилцааг хэрхэн дүгнэж байгаа талаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Цогоос асууж ярилцсан юм.
Дэд дарга Л.Цог Халх голын ялалтын ойн арга хэмжээг зохион байгуулах Засгийн газрын комисс байгуулагдан ажиллаж байгаа гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүлээн авч энэ арга хэмжээнд оролцох болов уу гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол-ОХУ-ын Парламентийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд багагүй зүйл хийхээр төлөвлөж байгаагаа мөн дурдсан.
“Монголия сейчас” мэдээллийн агентлагийн төлөөлөгчид Крымд болж буй үйл явдлын талаар ямар байр суурьтай байгааг тодруулан лавлаж байлаа. Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, “Аливаа улсын ард иргэд өөрсдийн хувь заяаг өөрсдөө шийдэх ёстой. Крымд болсон бүх нийтийн санал хураалт энэ улсын ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн сонгууль боллоо гэж үзэж байна” гэж хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















