“Лестер Сити” клубыг Крейг Шекспир удирдана
Энэ 7 хоногт багийнхаа туслах дасгалжуулагч Крейг Шекспирийг энэ улирлыг дуустал багийнхаа ахлах дасгалжуулагчийн ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргажээ.
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн их үзэгчтэй шилдэг лигүүдийн нэг Английн "Премьер Лиг"-ийн тэмцээний өнгөрсөн улирлын аварга “Лестер Сити” клубын удирдлагууд энэ сард багийн ахлах дасгалжуулагч Клаудио Раньериг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан. Үүнээс хойш багийн удирдлагууд “Цөлийн Үнэгнүүд”-ийг удирдах хүнээ сонгоогүй байсан бөгөөд энэ 7 хоногт багийнхаа туслах дасгалжуулагч Крейг Шекспирийг энэ улирлыг дуустал багийнхаа ахлах дасгалжуулагчийн ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргажээ. Өдгөө 53 настай Англи мэргэжилтэн Крейг Шекспирийн хувьд Клаудио Раньериг ажлаас нь халснаас хойш хоёр ч тоглолтод багаа удирдаж ялалтад хүргээд байгаа юм. Харин “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-гийн шатны хариу тоглолын хүрээнд “Севилья”-гийн эсрэг хийх тоглолт Шекспирийн хувьд “Лестер Сити” клубын ахлах дасгалжуулагчийн хувиар, албан ёсоор багаа удирдан оролцох эхний тоглолт болон тооцогдох юм. Крейг Шекспир 2008 оноос хойш “Лестер Сити” клубт туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд өнөөг хүртэлх 9 жилийн хугацаанд ажиллахдаа дунд нь нэг жил алгассан байдаг.


















