Лиценз, тусгай зөвшөөрлийг зохицуулах хууль гаргана
Цаашид тус яам зөвшөөрөл лиценз олгох ажлаа мэргэжлийн холбоод, эсвэл орон нутгийн холбогдох шатныханд хариуцуулаад бодлого, хяналт, мэргэжлийн зөвлөгөөгөөр дагнаж ажиллах нь зүйтэй гэж санал нэгдлээ.
Мэдээллийн алба

Төрийн байгууллагуудаас олгодог тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөлөх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ээлжит хурлаа хийлээ. Энэ удаа БОНХЯ, ХЗЯ, ЗТЯ-наас олгож байгаа тусгай зөвшөөрлүүдийн талаар хэлэлцлээ. Ус ашиглах зөвшөөрөл, Байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох шат дамжлагыг халж, нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх, тусгай зориулалтаар ан агнах, загас барих зөвшөөрлийг орон нутагт нь хариуцуулах чиглэлийг ажлын хэсгээс БОНХЯ-нд өглөө.
Цаашид тус яам зөвшөөрөл лиценз олгох ажлаа мэргэжлийн холбоод, эсвэл орон нутгийн холбогдох шатныханд хариуцуулаад бодлого, хяналт, мэргэжлийн зөвлөгөөгөөр дагнаж ажиллах нь зүйтэй гэж санал нэгдлээ.
Хууль зүйн яамнаас олгодог Тамга тэмдэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал дэвшүүллээ. Агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нисэхийн хангамжийн байгууллагын гэрчилгээ олгох ажлыг олон улсын гэрээний заалтуудад нийцүүлэн цөөн шат дамжлагатай болгохыг Зам тээврийн яаманд даалгалаа. Харин Уул уурхайн яамнаас олгодог бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хий импортлох ажлыг нээлттэй чөлөөтэй болгох ёстой гэж үзлээ. Эдгээр саналыг Засгийн газрын хуралдаанаар оруулан хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэх юм.
Ингэж цэгцлэсний дараа тусгай зөвшөөрлийн асуудлыг нийтэд нь зохицуулсан хууль гаргахаар бэлтгэж байгаа юм. Энэ хуулиар төрийн аль нэг байгууллага өөрсдөө мэдэж шинээр лиценз, зөвшөөрлийн төрөл бий болгохыг хориглож, зөвхөн хуульд өөрчлөлт оруулах замаар л нэн шаардлагатай зохицуулалт хийдэг болно. Төрийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаанд хяналт тавихдаа хуулиас давсан шаардлагууд бий болгож, энэ нь эргээд төрийн хяналтыг цаасан дээр л хэрэгждэг үр дүнгүй механизм болгож байгааг халах нь Шинэчлэлийн Засгийн газрын бизнесийн орчны шинэтгэлийн гол бодлого юм.
Энэ зорилгоор дээрх ажлын хэсэг өнгөрсөн оны есдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд төрийн 54 байгууллагаас олгож байгаа нийт 914 зөвшөөрлийг хэлэлцээд 404-г хүчингүй болгох, 447-г хэвээр үлдээх санал дэвшүүлж байна. Түүнчлэн, шийдвэрлэхэд хүндрэлтэй 63 зөвшөөрлийг олон түвшинд хэлэлцэж эцэслэхээр ажиллаж байгаа юм. Үр дүнд нь төрийн үйлчилгээний дарамт чирэгдэл буурч, бизнесийн ээлтэй орчин бий болно гэж ЗГХЭГ үзэж байна.


















