Ливид эв нэгдлийн Засгийн газар байгуулна
Ливид тогтсон хоёр парламент нэгдсэн Засгийн газар байгуулахаар зөвшилцөлд хүрчээ. Тунисын нийслэлд болсон яриа хэлэлцээгээр талууд энэ талаарх суурь гэрээнд гарын үсэг зурсан байна.
Мэдээллийн алба

Ливид тогтсон хоёр парламент нэгдсэн Засгийн газар байгуулахаар зөвшилцөлд хүрчээ. Тунисын нийслэлд болсон яриа хэлэлцээгээр талууд энэ талаарх суурь гэрээнд гарын үсэг зурсан байна. 2011 онд Арабын хавар хувьсгалаар Ливийн удирдагч Муаммар Каддафиг засгийн эрхээс түлхэн унагаснаас хойш тус улсад дайн хямрал нүүрлэж, улс төрийн тогтворгүй байдал үүсээд байгаа.
Харин энэ тогтворгүй байдлыг эцэс болгох зорилгоор байгуулсан гэрээнд талууд хоёр жилийн дараа Ливид сонгууль зохион байгуулж, эв нэгдлийн Засгийн газар байгуулах талаар тусгасан байна. Ливийн дорнод хэсэгт байрлаж байгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн парламент, мөн нийслэл Триполид байрлах Үндэсний ерөнхий конгресс аль, аль нь гэрээг дэмжсэн нөхцөлд гэрээ хэрэгжих боломжтой болно.
Тунист болсон талуудын яриа хэлэлцээ нь НҮБ-ын энхийн яриа хэлэлцээнээс тусдаа Тунисын Засгийн газрын зуучлал дор зохион байгуулагдсан байна. НҮБ Ливид нэгдсэн Засгийн газар байгуулах асуудлаар өнгөрсөн 10 дугаар сард төлөвлөгөө боловсруулж танилцуулсан ч талуудын аль, аль нь энэ төлөвлөгөөг дэмжээгүй юм.


















