Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ломбардад тавих шаардлагыг өндөрсгөнө

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэсэн албан ёсны нэртэй ломбардуудад тавих шаардлагыг өндөрсгөж, тусгай зөвшөөрөл авч байж эрхлэх эрх зүйн зохицуулалтыг хийх гэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ломбардад тавих шаардлагыг өндөрсгөнө
Ломбардад тавих шаардлагыг өндөрсгөнө. Зураг: МҮОНРТ

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэсэн албан ёсны нэртэй ломбардуудад тавих шаардлагыг өндөрсгөж, тусгай зөвшөөрөл авч байж эрхлэх эрх зүйн зохицуулалтыг хийх гэж байна.

Банк, санхүүгийн байгууллагууд иргэдэд зээл олгохдоо өндөр шаардлага тавьдаг, олон төрлийн баримт бичиг шаарддаг, зээлийн судалгаанд хугацаа их зарцуулдаг зэрэг нь иргэдэд хүндрэлтэй байдгаас зах зээлд ломбард буюу барьцаалан зээлдэх газрын эрэлт, хэрэгцээ байсаар байна. Гэвч энэ үйл ажиллагааг эрхлэгчдэд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоогоогүй, барьцаалан зээлдүүлэгчийн хөрөнгө, олгож буй нийт зээлийн хэмжээ тодорхойгүй, уг үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь ажиллагаа эрхлэгчид татвар төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны талаар иргэдээс Хүний эрхийн комисс болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ломбардууд иргэдийн хөрөнгийг бага үнээр барьцаанд авдаг, барьцаалсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй, хүү болон хугацааг дураараа тогтоодог, барьцааны хугацаа дуусахад барьцаалсан эд хөрөнгийг борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй зэрэг гомдлыг гаргажээ. Иймд ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр өнгөрсөн даваа гарагийн хуралдаанаараа шийдвэрлэсэн байна.

Хуулийн төслүүдэд Санхүүгийн зохицуулах хороо нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх журмыг батлахаар тусгажээ.

Хуваалцах