Ляонин мужийн удирдлагуудад Егүзэр уурхайд хамтран ажиллах санал тавив
Сүхбаатар аймгийн зүгээс дэд бүтэц, тухайлбал, барилга, авто болон төмөр замын салбарт хөрөнгө оруулалт авах, мөн Эрдэнэцагаан суманд байрлах гянт болдын Егүзэр уурхайд хамтран ажиллаж болох юм гэсэн саналыг дэвшүүллээ.
Мэдээллийн алба

Сүхбаатар аймаг нь 2013 онд БНХАУ-ын Ляонин мужтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн төлөөлөгчийг Ляонин мужид ажиллуулж, хоёр талын байнгын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлж байгаа юм. Цаашид дэд бүтцийн болон бусад салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын чиглэлээр тасралтгүй хамтран ажиллах талаар санал солилцохоор Ляонин мужийн хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Xu Li Da, мөн мужийн Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны товчооны дэд захирал Zeng Xiao fei нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр манай аймагт айлчиллаа.
Энэ удаагийн айлчлалын зорилго нь Сүхбаатар аймаг гадаадын хөрөнгө оруулалтыг аль салбарт, хэрхэн татах сонирхолтой байгаа болон Бичигт, Хөөтийн төмөр замын талаар баримталж буй бодлого, тухайн бүс нутагт аж үйлдвэрийн парк байгуулан хамтран ажиллах талаар ямар байр суурьтай байгаа талаар судалж, санал боловсруулан БНХАУ-ын Засгийн газраас 2016 оноос эхлэн хэрэгжүүлэх 13-р таван жилийн төлөвлөгөөнд тусгах юм хэмээн төлөөлөгчид онцоллоо. Сүхбаатар аймгийн зүгээс дэд бүтэц, тухайлбал, барилга, авто болон төмөр замын салбарт хөрөнгө оруулалт авах, мөн Эрдэнэцагаан суманд байрлах гянт болдын Егүзэр уурхайд хамтран ажиллаж болох юм гэсэн саналыг дэвшүүллээ.


















