Малайзад жуулчны автобус осолдов
Малайзын нийслэл Куала-Лумпур хотын захад аялагчдын автобус осолдож, 37 хүн амь насаа алдсан байна.
Мэдээллийн алба

Малайзын нийслэл Куала-Лумпур хотын захад аялагчдын автобус осолдож, 37 хүн амь насаа алдсан байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийнхний уламжилж байгаагаар автобус “Гентин” өндөрлөг газрын нарийн замаар зорчиж явахдаа 70 метрийн өндөр хавцал руу унажээ. Тухайн үед автобусанд 53 хүн зорчиж явсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн болохыг албаныхан мэдээлж байна. Энэ ослын шалтгаан нь даац хэтрүүлсэнтэй холбоотой байж болзошгүй гэж тэд үзэж байгаа юм. “Гентин” өндөрлөг газар бол Малайзын аялал жуулчлалын гол бүс бөгөөд энд жил бүр 20 сая жуулчин ирдэг байна. Энэ зунаас хойш Малайз, Индонез зэрэг зүүн өмнөд Азийн орнуудад жуулчдад үйлчилдэг тээврийн хэрэгслийн осол олон гарах болсон нь аюулгүйн ажиллагаа алдагдсантай холбоотой юм. Харин Малайзын Куала Лумпур хотын ойролцоо гарсан энэ удаагийн осол тус улсад сүүлийн хэдэн жилд тохиосон хамгийн том осол болохыг хэвлэл мэдээллийнхэн онцолж байна.


















