Малчдад НҮБ-аас тусламж илгээв
Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага “Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сан /CERF/”-гаас 2.4 сая ам.доллар босгож, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг,
Мэдээллийн алба

Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага “Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сан /CERF/”-гаас 2.4 сая ам.доллар босгож, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан хүнс, хоол тэжээл, ариун цэвэр эрүүл ахуйн багц зэргийг багтаасан тусламжийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөв.
Өнгөрсөн 12 дугаар сараас хойш улсын хэмжээнд нийт малчин өрхийн 41 хувь нь зуданд өртөж, өвлийг зутруухан давсан билээ. Үүнээс 100-аас доош тооны малтай 11 800 өрхийн байдал хүнд хэвээр байна. Тиймээс хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 суманд амьдарч байгаа 1800 гаруй хүүхэд, 900 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд НҮБ-ын тусламжийг хүргэх юм.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хаваржилт хүндэрсэн дээрх сумдад байгаа 6-59 сартай хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл эхэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг хүргүүлж байгаа юм. Энэхүү бэлдмэл нь 10 төрлийн амин дэм, таван төрлийн эрдэс бодис агуулсан байдаг бөгөөд хоол тэжээлийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлнэ. Түүнчлэн дээрх сумдын өрхүүдэд хоол тэжээлийн хурц дутагдал илрүүлэх үзлэг явуулж, хоёроос доош настай хүүхэдтэй эцэг, эх болох жирэмсэн, хөхүүл эхтэй айл өрхүүдэд хоол тэжээлийн зөвлөгөө өгөх аж.
Мөн хаваржилт хүндэрсэн сумдад байгаа 500 орчим жирэмсэн болон төрсөн эхчүүдэд төрөхийн өмнөх болон бусад нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхэд нь сумын эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлж ажиллах юм.
“Аливаа онцгой байдлын үед хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн эмзэг байдаг. Ялангуяа хоол, хүнсний нэр төрөл цөөрсний улмаас бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай аминдэм, эрдэс бодисын дутлын эрсдэл улам даамжирдаг. Цаг уурын хэт хүйтрэл нь хүүхэд амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгалгаа болон бусад халдварт өвчин (улаан бурхан, салхин цэцэг) тусах нь нэмэгддэг. Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдийн дархлаа сул байдаг тул өвчлөх, эндэх эрсдэл нь илүү өндөр. Тиймээс бидний хүргүүлж байгаа олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь хаваржилт хүнд байгаа нутгийн хүүхэд, эхчүүдийн дундах өвчлөл, цаашлаад эндэгдлийг бууруулахад онцгой чухал юм” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлэв.

Монгол Улсын Засгийн газраас зуданд өртсөн аймаг, сумдад дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах арга хэмжээнд анхаарч ажиллаж байгаа. НҮБ-аас энэ ажил дээр нь дэм болгож, зуданд өртсөн 4390 малчин өрхийн нэн тэргүүний хэрэгцээг нь хангах, амьжиргаанд нь туслах зорилгоор хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


















