Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын халдварт өвчний тоо буурахгүй байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэг дүүрэг, 17 суманд малын халдварт өвчин гараад байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Малын халдварт өвчний тоо буурахгүй байна
Малын халдварт өвчний тоо буурахгүй байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэг дүүрэг, 17 суманд малын халдварт өвчин гараад байна. Тодруулбал, нийслэлийн ХУД-т “Гахайн мялзан” өвчин, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд “Хонины цэцэг өвчний” гурав, Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд “Боом” өвчний хоёр, Булган аймгийн нэг суманд “Цусан халдвар” өвчний нэг, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөл аймгийн 10 суманд “Галзуу” өвчний 11, нийт нэг дүүрэг, найман аймгийн 17 суманд малын халдварт өвчний 18 тохиолдол гараад байгаа юм. Дээрх нутаг дэвсгэрт Засаг даргын захирамжаар хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байгаа юм. Мэргэжлийн хяналтын орон нутаг дахь мал эмнэлгийн хяналтын байцаагч нар хорио цээр, хязгаарлалтын бүсэд өвчинтэй тэмцэх заавар, Засаг даргын захирамжийн хэрэгжилт, хүн, малын шилжилт хөдөлгөөн, ариутгал, халдваргүйтгэл, устгасан малын сэг зэмийг ариутгах зэрэгт хяналт тавин ажиллаж байгаа ажээ.

Ийнхүү малын халдварт өвчин гарч байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, өмнө нь халдварт өвчин гарсан голомт бүхий нутгийн малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулаагүй, вакциныг график хугацаанд нь нийлүүлээгүй, тухайн бүс нутгаас бусад аймаг, сум хоорондох малын шилжилт хөдөлгөөн их, ариутгал, халдваргүйжүүлэлтийн чанар, үхсэн малын сэг зэмийн устгал, вакцины хадгалалт, тээвэрлэлт, халдварт өвчний сэжиг илэрсэн, мал олноор хорогдсон тухайгаа мэргэжлийн байгууллагуудад яаралтай мэдэгдэж холбогдох арга хэмжээ авдаггүй зэрэг олон шалтгаан байдаг байна.


Түүнчлэн байгаль, цаг уурын нөхцөл байдлаас болж зэрлэг амьтад турж эцэн, өвчилж өвчин тараадаг, халдварт, гоц халдварт өвчний голомттой хөрш болон бусад улс орон мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх, хилийн боомтуудын ариутгал халдваргүйжүүлэлт, ариутгалын бэлдмэлийн нөөц хүрэлцээ чанар тааруу гэх мэттэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Дашрамд дурдахад, 2015 он гарсаар давхардсан тоогоор 11 аймаг 21 сум, нийслэлийн нэг дүүргийн нутагт шүлхий нэг, галзуугийн 32, гахайн сонгомол мялзан нэг, цэцэг дөрөв, боом зургаа, хорт салст халуурал өвчин дөрөв гарчээ.

Хуваалцах