МАН Лениний музейн засварын ажлыг хойшлууллаа
"MGL" ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтын үнэлгээг холбогдох байгууллагууд тогтоох хүртэл барилгад засварын ажил эхлүүлэхгүй байх асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсээд байна.
Мэдээллийн алба

Жил гаруй хугацаанд 11 удаа хойшлогдон байж Шүүхийн шийдвэрээр МАН-ын эзэмшилд байсан В.И.Лениний музейн барилга төрийн өмч мөн болох нь тогтоогдож нийслэлийн өмчлөлд хүлээлгэн өгсөн билээ.
Харин ТӨХ барилгыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Үлэг гүрвэлийн төв музейд эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм.
Гэвч МАН-ын зүгээс энэ сарын 16-ны өдөр ТӨХ-гоор уламжлуулан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд албан бичиг ирүүлсэн бөгөөд уг бичигтээ дээрх барилгад хийсэн хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх, "MGL" ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтын үнэлгээг холбогдох байгууллагууд тогтоох хүртэл барилгад засварын ажил эхлүүлэхгүй байх асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсээд байна.
Үлэг гүрвэлийн төв музейн хувьд засварын ажлыг яаралтай эхлүүлэн долоодугаар сарын 11 гэхэд “Эцэг, хүү Батаар учран золгов” хэмээх жижиг музейг нээхээр төлөвлөж байсан боловч ийнхүү МАН-ын зүгээс ирсэн уг хүсэлтийн улмаас засварын ажил хойшилжээ.


















