Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулахыг 100 хувь дэмжсэн

Мөн УИХ-ын дарга З.Энхболдод сайн дураараа албан тушаалаасаа татгалзахыг шаардсан албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэж, сонгуулийн тойргийн мандатыг хуучнаар нь тогтоох ёстой гэж үзсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулахыг 100 хувь дэмжсэн
МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулахыг 100 хувь дэмжсэн. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Г.Уянга нарын гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж 100 хувь дэмжжээ. Мөн УИХ-ын дарга З.Энхболдод сайн дураараа албан тушаалаасаа татгалзахыг шаардсан албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэж, сонгуулийн тойргийн мандатыг хуучнаар нь тогтоох ёстой гэж үзсэн байна. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийв.

Бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэл байгааг онцлов. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал өргөн баригдах үед гаднаас 850 сая ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байсныг нь мэдсэн. Өмнөх өр зээлээ юунд яаж зарцуулах, хэрхэн төлөхөө шийдэж чадаагүй байж дахин өр тавихаар ярьж байгаа нь хариуцлагагүй асуудал. Улс орноо өрийн ангалд живүүлсэн, Монгол Улсын иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй, аж ахуйн нэгж, байгууллага бүхэн өртэй болсон. Байдал ийм байхад дахин өр тавих гэж байгаа нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд эрсдэл учруулж болзошгүй. Ерөнхий сайд ард түмнийг хуурсан. Ерөнхий сайд нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй гэж амласан хэрнээ татвар нэмж, ард иргэдийнхээ халаас руу гар дүрсэн. Бензин шатахууны үнэ дэлхийн зах зээлд дөрөв дахин, манай улсын хоёр хөршид 40-50 хувиар буурсан байхад Монгол Улсад олигтой буурсангүй. Шатахууны үнийг 250-400 төгрөгөөр бууруулах боломж бүрдсэн. Гэтэл шатахууны үнийг бууруулах боломж бололцоо байсан атал Засгийн газар бензиний импортын онцгой албан татварын дээд хязгаарыг нэмсэн. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдохдоо "Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг" гэж хэлж байсан. 2012 онд 17 хувьтай байсан эдийн засгийн өсөлт Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед 7.8 хувьтай, Ч.Сайханбилэгийн засгийн үед 2.0 хувьтай болсон. Төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш түүхэндээ өндөр хэмжээнд хүрч чангарлаа. Улсын төсөвт гурван удаа тодотгол хийсэн.

Засгийн газар нэг тэрбум ам.долларын мах экспортолно гэсэн ч хэрэгжүүлээгүй. Малчдын амьдрал хүндэрсэн, мал аж ахуйн гаралтай түүхий эд, арьс шир, ноос ноолуурын үнэ огцом унасан. Малчид нэг тэрбум ам.долларын мах хэзээ гаргахыг Засгийн газраас асууж хүсэн хүлээж байна. Засгийн газар хүүхдийн мөнгийг олгох талаар зургаан тэрбум төгрөгийн өртөгтэй судалгаа хийсэн. Энэ судалгаанд үндэслэж 300 мянган хүүхдийн мөнгийг олгохгүй гэдэг асуудлыг УИХ-д оруулж ирж ард иргэдийг ихээхэн бухимдуулсан. Мөн авлигатай тэмцэх ажилд ахиц гарсангүй. Үндсэн хуулийн цэцийг авлигадсан, Лексус 570 автомашин өгсөн, сайд нь албан өрөөндөө авлига авч байгаад баригдсан нь үе үеийн Засгийн газрын түүхэнд байгаагүй үйл явдал. Эдгээр асуудал Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

Д.Хаянхярваа: УИХ-ын даргыг сайн дураараа огцрохыг бид шаардана

УИХ дахь МАН-ын бүлгээс энэ долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдод сайн дураараа албан тушаалаасаа татгалзах шаардлага хүргүүлэхээр болсон байна. Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "УИХ-ын даргын үйл ажиллагаатай холбоотой санал олон гишүүдээс гарсан. УИХ-ын дарга дарангуйлагч байдлаар харьцдаг, хууль зөрчдөг, өөрийн үзэл бодолд нийцсэн таалагдсан асуудлыг хэлэлцдэг, таалагдахгүй бол хэлэлцдэггүй, хасдаг, гишүүдийн үг хэлэх эрхэнд халддаг, элдвээр доромжилдог, УИХ-ын даргын ёс зүйд байж боломгүй үйлдлийг гаргах нь сүүлийн үед эрс нэмэгдсэн. Зөвхөн манай бүлгийн гишүүд ч биш өөр гишүүдээс ч ийм гомдол гарч байгаа. Нэгдүгээр сарын 21-ний өдрийн УИХ-ын үдээс хойш хуралдаанаар гадаадад томилолтоор ажиллаж байсан "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг онгоцоор зорчиж байх хооронд Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, оронд нь Г.Батхүүг томилсон. Төрийн байгуулалтын байнгын хорооны ирцийг ийм байдлаар хүчээр бүрдүүлж асуудлыг шийдэх гэж оролдсон. Дэгийн хуульд заасны дагуу энэ асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авах гэтэл өгөөгүй. Хаврын чуулганы нээлтэн дээр Тавантолгойтой холбоотойгоор "Хэрвээ энэ асуудлыг дэмжвэл Засгийн газрыг огцруулна" хэмээн өөрийн үзэмжээр асуудлыг шийдэж, өнөөдрийг хүртэл гацаасан. Сүүлийн үед УИХ-ын дарга ипотекийн зээлийн асуудлаар Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс ажиллаж, банкны хүүг тогтоох асуудлыг шууд өөрөө хийж байгаа мэтээр олон түмэнд ойлгуулах гэж оролдож байна. Ер нь УИХ-ын дарга Үндсэн хууль, бусад хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулах ёстой. Гишүүдийг нам эвслээр нь ялгаварлан гадуурхах ёсгүй, бүх үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд байх ёстой. Тиймээс МАН-ын бүлгээс УИХ-ын даргыг албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардаж албан бичиг хүргүүлэхээр болсон" гэв.

Н.Номтойбаяр: Тойргийн мандатыг хэвээр нь үлдээх ёстой

Мөн МАН-ын бүлгийн хуралдаанаар сонгуулийн тойргийн мандатын тоог хуучнаар нь тогтоох ёстой гэсэн байр суурьт хүрсэн байна. Энэ асуудлаар МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Сонгуулийн тойргийн мандатыг хуучнаар нь тогтоох ёстой гэж бид үзсэн. Жагсаалтаар сонгогдсон гишүүдийн үндсэн ажил үүргийн хуваарь нь хэдийгээр улс орны хэмжээнд гэж байгаа боловч нийт хүн амаа хэрхэн төлөөлж ажиллаж байна вэ. Ерөнхийдөө жагсаалтын 28 гишүүн Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүдээс хэд нь хууль санаачлав. Тойргоос сонгогдсон гишүүдийн санаачилж байгаа хууль, гаргая гэж байгаа шийдвэр нь иргэд сонгогчдын санал, хүсэлтэд үндэслэгддэг. Жагсаалтын 28 дотор улстөрчид зонхилж байна. Гэтэл мэргэжлийн салбарынхан орхигдож байна гэсэн санал ч гарч байна" гэв.

Эх сурвалж: УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэл мэдээллийн алба

Хуваалцах