Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Манай гарагийн хамгийн том радио телескопыг угсарч дууслаа

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужид манай гарагийн хамгийн том радио телескопын сүүлчийн хавтанг угсарсан байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай гарагийн хамгийн том радио телескопыг угсарч дууслаа
Манай гарагийн хамгийн том радио телескопыг угсарч дууслаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужид манай гарагийн хамгийн том радио телескопын сүүлчийн хавтанг угсарсан байна. Ингэснээр 5 жил үргэлжилсэн бүтээн байгуулалт амжилттай өндөрлөж, 1.2 тэрбум юанийн өртөгтэй сансрын тус дуран авайг туршилтын журмаар ажиллуулах, улмаар ирэх 9-р сард төлөвлөсөн ёсоор ашиглалтад оруулах боломж бүрдлээ.

Эдүгээ 300 метр диаметртэй Пуэрто Рикогийн телескоп дэлхийд хэмжээгээрээ тэргүүлж байна. Харин Хятадын 500 метр диаметртэй “Тэнгэрийн нүд” телескоп Пуэрто Рикогийн телескопоос даруй 1,8 дахин том, мөн эргэлдэгч 4,450 хавтангийнхаа тусламжтай сансрын уудамд 3-5 дахин илүү талбайг чагнан, дохио хүлээн авах хүчин чадавхитай юм.

Дэлхийн түүхэнд хамгийн мэдрэг гэж цоллогдож байгаа тус телескопын гадаргуугийн талбай хөлбөмбөгийн 30 талбайг нийлүүлсэнтэй дүйцэх бөгөөд Хятадын төдийгүй дэлхийн сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээнэ гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Учир нь тус одон орны дуран ашиглалтад орсныхоо дараа дэлхийгээс 1,000 гаруй гэрлийн жилийн зайнаас радио дохио хүлээн авах боломжтой.

Ингэснээр их тэсрэлтийн онолыг нарийвчлан судлах, мөн соёл иргэншилт амьдрал оршин байгаа хар гарагийг илрүүлэх, тандах аяны цар хүрээг эрс нэмэгдүүлж байна.

Тус телескопыг байгуулах ажилд Хятадын засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, ойролцоох бүс нутгийн 9 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн юм. Иймээс ойролцоо орших хот суурингүй, зэлүүд бус нутагт боссон одон орны шинэ дуран авайд радио долгионы давхцал үүсэхгүй, өндөр нарийвчлалтай ажиллана гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Хуваалцах