Манай төлөөлөгчид Олон улсын аюулгүй байдлын ээлжит бага хуралд оролцов
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2016 оны дөрөвдүгээр сарын 27-28-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан
Мэдээллийн алба

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2016 оны дөрөвдүгээр сарын 27-28-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан Олон улсын аюулгүй байдлын Москвагийн ээлжит бага хуралд оролцож, “Бүс нутгийн аюулгүй байдал, Монгол Улсын цэргийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавив.
Олон улсын аюулгүй байдал, түүний дотор даян дэлхийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа гол хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй болгох чиглэлээрх хамтын ажиллагааны талаар хэлэлцдэг тус бага хуралд дэлхийн 80 гаруй орон, олон улсын 10 байгууллагын нийт 600 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Бага хурлын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгутай уулзаж, хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.


















