Манай улс планетариумын төвтэй боллоо
Монголчууд бид өвөг дээдсийн үеэс од эрхэсийг сонирхож одон орны судалгааг хийж, Мөнх хааны зарлигаар 1256 онд Иранд "Одон орны төв", Хубилай хааны зарлигаар 1271 онд Юань гүрэнд "Одон орны удирдах төв", Доголон Төмөр хааны ач Үлэгбэк 1417-1420 онд Самаркандад Одон орны хүрээлэн, улмаар 1428 онд Одо
Мэдээллийн алба

Монголчууд бид өвөг дээдсийн үеэс од эрхэсийг сонирхож одон орны судалгааг хийж, Мөнх хааны зарлигаар 1256 онд Иранд "Одон орны төв", Хубилай хааны зарлигаар 1271 онд Юань гүрэнд "Одон орны удирдах төв", Доголон Төмөр хааны ач Үлэгбэк 1417-1420 онд Самаркандад Одон орны хүрээлэн, улмаар 1428 онд Одон орны оргилыг байгуулж байсан түүхтэй.
Мөн орчлон ертөнц, од эрхэсийг танин мэдэхүйн уламжлалт туршлагадаа тулгуурлаж ХХ зууны эхэн үед 1921 онд Монгол Улсад "Судар бичгийн хүрээлэн үүсгэн улмаар "Одон орны оргил"-ыг 1957 онд байгуулсан юм. 2009 онд Монгол Улсын Засгийн газраас Сансар судлал планетариумын төв барих шийдвэрийг гаргасан. Өнгөрөгч зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Эх, үрсийн баярын өдрөөр тус шийдвэр биелэлээ олж, Одон Орон Геофизикийн Судалгааны төвд Сансар, Од Эрхэсийн ордон хаалгаа нээлээ.
Планетари гэдэг нь тэнгэрийн мандлыг одтой нь, гарагуудыг дагуултай нь, сүүлт од, солирыг, мананцруудыг, галактикийг, мөн нар, сарны хиртэлтийг харуулдаг төхөөрөмжийг хэлдэг байна. Хүн төрөлхтөн анхны планетарыг 1925 онд Герман улсын Мюнхен хотод байгуулж байсан бөгөөд өнөөдөр дэлхий дээр 4000 oрчим планетари ажиллаж байгаа тоо баримт бий. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр баригдсан тус ордонд планетарийн “Минолта MS-8” тусгай багаж, тоног төхөөрөмжийг Японы эрдэмтэн Сакай Ёшихито бэлэглэсэн байна. ШУА-ийн Одон орон геофизикийн төв, Монгол Улс, ЗХУ -ын баатар сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын санаачлагаар байгуулагдсан тус ордонд 60-70 хүн зэрэг хүлээн авч, хорвоо ертөнцийн үүсэл, нарны аймаг хэрхэн яаж үүссэн, ямаршуу зүй тогтлоор явагддаг, ямар байршилтай байдаг гэх мэтчилэн шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр шинэ мэдлэг, мэдээлэл өгөх аж.
Сансар, Од Эрхэсийн ордон нь гурван хэсгээс бүрдэнэ.
"Сансар" танхим:













Нар, сар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүх өгүүлэх үзүүлэнгүүд болон сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар гэх мэт үзмэрүүд багтдаг.
"Нар сар" кино танхим:
Од эрхэс сансар судлал, ертөнцийн од гарагуудын үүсэл хөгжил болон бусад чиглэлийн шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекц баримтат кино үзүүлэх аж.
"Од эрхэс" танхим:


"Минолта MS-8" цацруулагч багажийн тусламжтайгаар 9.5 метрийн диаметртэй Планетарийн бөмбөрцөг дэлгэц дээр сансрын уудам орон зайгаар аялан нарны аймгийн одууд, бага гарагууд, нар сарны хиртэлт зэрэг одон орны олон сонирхолтой үзүүлбэрийг хагас бөмбөрцгөн дэлгэц дээр харуулдгаараа онцлогтой.

Одон Орон Геофизикийн Судалгааны төвийн захирал С.Дэмбэрэл шинээр нээгдээд буй Сансар, Од Эрхэсийн ордны талаар товч мэдээлэл хийснийг хүргэе.


















