Манай улсад 183.600 төрийн албан хаагч ажиллаж байна
Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөл өнгөрсөн онд нийтдээ 37 удаа хуралдаж, 170 гаруй асуудал хэлэлцэж шийдвэрлэсний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг хангуулах чиглэлээр нийслэл болон 11 аймаг, 13 яамны нийт 25 салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, бүсчилсэн хэлэлцүүлэг, сургалт семинарыг 20 гаруй удаа зохион байгуулж, салбар зөвлөлийн ажилтнууд, төрийн албан хаагчдад мэргэшил, арга зүйн зөвлөмж өгч ажиллажээ.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн хийсэн тайлангаас үзэхэд тус зөвлөл 2014 онд нийт төрийн захиргааны 20 байгууллагын удирдах ажилтны 40 ажлын байранд томилогдох ажилтанд дүгнэлт гаргах захиалгыг хүлээн авч гүйцэтгэсний зэрэгцээ төрийн жинхэнэ албан тушаалын 1997 /давхардсан тоогоор/ сул ажлын байрыг нийтэд нээлттэй зарлан 13618 иргэнийг бүртгэснээс 3475 иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
Энэ хугацаанд тус зөвлөлд төрийн албан хаагчдаас 512 өргөдөл, гомдол ирүүлсний 116 нь хууль бусаар халагдсан, бусад нь нөөцийн болон мэргэжлийн шалгалттай, 62 нь ёс зүйн асуудалтай холбоотой байсныг тухай бүрт нь хэлэлцэж шийдвэрлэжээ. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой 347 асуудлыг салбар зөвлөлөөр хэлэлцүүлж 15 хувьд нь сахилгын, 85 хувьд нь бусад шийтгэл оногдуулсан байна. Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн оны эцсийн байдлаар гаргасан судалгаагаар манай улсад 183600 төрийн албан хаагч ажиллаж байгаа агаад төрийн албан хаагчдын тоо өмнөх оныхоос 14 мянгаар нэмэгдсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн даргын танилцуулга, тус зөвлөлийн 2014 оны тайлантай холбогдуулан асуулт асууж тодруулан санал хэлсэн гишүүдийн ихэнх нь Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг далимдуулан төрийн албан хаагчдыг дураараа халж сольдог, Төрийн албаны зөвлөл хараат бусаар ажиллах чадамжгүй болсон зэрэгт шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг улс төрийн намуудын зөвшилцлийн үндсэн дээр цогцоор нь авч үзэж өөрчлөх асуудлыг яаралтай шийдэх, энэ үндсэн Төрийн албаны зөвлөлийн статусыг эргэн харж үйл ажиллагаагаа бие дааж хараат бусаар явуулах, төрийн алба нь улс төрөөс ангид, тогтвортой, мэргэшсэн, залгамж чанартай байх нөхцөлийг бүрдүүлсэн эрх зүйн шинэ зохицуулалт хийх хэрэгтэйг үг хэлсэн гишүүд онцолж байв. Иймээс Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, төрийн албаны шинэчлэлийг иж бүрнээр нь хийхтэй холбогдсон санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, С.Баярцогт, Л.Цог, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтлоо.


















