Манай улсад угийн бичиг хөтөлдөг 700 гаруй хүн бий
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг уламжлалын холбоо хамтран “Монголын ураг, удам, уламжлалын холбоо”-ны үндэсний анхдугаар зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг уламжлалын холбоо хамтран “Монголын ураг, удам, уламжлалын холбоо”-ны үндэсний анхдугаар зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Гэгдэл болон Монголын ураг, удам, уламжлалын талаар судалдаг 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцож угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, хөтлөх аргачлалын талаар мэдээлэл өгөв.

Манай улсад угийн бичиг хөтөлдөг 700 хүн бий. Энэ нь нийт хүн амын тоотой харьцуулвал харьцангуй цөөн юм. Тиймээс угийн бичиг хөтөлдөг хүний тоог нэмэгдүүлэх, угийн бичиг хөтлөөгүйгээс үүдэж болох хор хохирлыг олон нийтэд таниулах зорилготой зохион байгуулагдаж буй арга хэмжээ юм.
Угийн бичиг гэдэг нь есөн үеэр шувтардаг ясан төрөл буюу эцгийн талаа бүрэн хөтөлсөн удам, угсааны бичиг. Угийн бичиг хөтлөсний ачаар эдүгээ 41 үеэ ч мэддэг хүн Монголд байгаа аж.
Зөвлөгөөний үеэр Орхон аймгийн Ураг, удам, уламжлалын холбооны тэргүүн, гавьяат эдийн засаг Ч.Тогооч өөрийн угийн бичиг хөтөлж буй туршлагаасаа хуваалцлаа. Тэрбээр “Угийн бичгээ бичих нь үр хүүхэд, хамаатан саднуудаа мэдэх, удам угсаагаа цэвэр ариун байлгах, цус ойртох, Монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлж болох сайн талтай”-г онцолж байлаа. Зөвлөгөөн маргааш 09:00 цагаас "Хүүхдийн ордон"-д үргэлжилнэ.

Л.Сайнбаяр


















