Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсын хүн ам 8 минут тутамд нэгээр нэмэгдэж байна

Өнгөрөгч 2015 оны нэгдүгээр сард Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Манай улсын хүн ам 8 минут тутамд нэгээр нэмэгдэж байна
Манай улсын хүн ам 8 минут тутамд нэгээр нэмэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 2015 оны нэгдүгээр сард Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлж байсан. Харин яг өнөөдрийн байдлаар буюу 2016 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 11 цагийн байдлаар манай улсын хүн амын тоо 3.102.982 байна. Өөрөөр хэлбэл, гурван сая дахь иргэн мэндэлснээс хойш нэг жил найман сарын дотор Монгол Улсын хүн ам 102.981-ээр нэмэгджээ. Харин дэлхийн хүн ам яг энэ цагийн байдлаар 7 тэрбум 341 сая болжээ.

Хүн амын цагийн суурь тооцооллыг Монгол Улсын хүн амын өсөлтийг сүүлийн гурван жил буюу 2012-2014 оны хугацаанд байгаа суурин хүн амын тоо, төрөлт, нас баралтын тоог суурь мэдээлэл болгон авч, тооцоог хийсэн байдаг. Тооцооноос үзэхэд манай улсад 7 минут 57 секунд тутамд нэг хүүхэд төрж, 30 минут 36 секунд тутамд нэг хүн нас барж байна. Мөн манай улсын хүн ам 8 минут 36 секунд тутамд нэг хүнээр нэмэгдэж байна.

Дэлхий дахинд 1990-ээд оны дунд үеэс хүн амын өсөлтийн байдлыг бодитой тооцоолон мэдээлдэг болох шаардлагатай гэдгийг эрдэмтэн судлаачид хүчтэй дэвшүүлж эхэлсэн байдаг. АНУ-ын тооллогын товчооны тооцоолох төв 2000 онд хүн амын цагийг электрон хэлбэрээр анх боловсруулж, дэлхийн хүн ам, АНУ-ын хүн амын өсөлтийг зэрэгцүүлэн харуулах хүн амын цагийг бүтээж, цахим хуудсанд байрлуулж байжээ.

“Хүн амын цаг” гэдэг бол тухайн тодорхой агшинд дэлхийн болон тухайн улс орны хүн ам хэр зэрэг хурдтай өсөж байгааг тооцоолж харуулах зорилготойгоор зохион бүтээгдсэн комьпютерийн програм хангамж юм. Үүнийг улс орны эдийн засаг, нийгэм ийн хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулахад ашиглаж байна. “Хүн амын цаг” -ийг боловсруулж цахим болон электрон самбар дээр байрлуулж байна. Монгол Улсын хүн амын өсөлтийг харуулах хүн амын цагийн тооцоог цаашид жил бүрийн эхний улиралд өмнөх жилийн хүн амын жинхэнэ гүйцэтгэлийн тоо мэдээлэлд суурилж, байнга шинэчилж байх аж.

Нэмж мэдээлэхэд, уншигчид Үндэсний статистикийн хорооны http://www.nso.mn/ вэб сайтаас хүн амын өсөлтийн талаарх мэдээллийг тогтмол харж байх боломжтой.

Хуваалцах