Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсын мал сүрэг өнгөрсөн оноос 3.9 саяар өслөө

Урьдчилсан дүнгээр 2015 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 55957.6 мянган толгойд хүрч, 2014 оныхоос 7.6 хувь буюу 3975.0 мянгаар өслөө.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын мал сүрэг өнгөрсөн оноос 3.9 саяар өслөө
Манай улсын мал сүрэг өнгөрсөн оноос 3.9 саяар өслөө. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа. Урьдчилсан дүнгээр 2015 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 55957.6 мянган толгойд хүрч, 2014 оныхоос 7.6 хувь буюу 3975.0 мянгаар өслөө. Адуун сүргийн тоо толгой 3294.6 мянга, үхэр 3779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хонь 24933.4 мянга, ямаа 23582.2 мянгад хүрч, 2014 оныхоос адуу 298.8 мянга, үхэр 365.6 мянга, тэмээ 18.6 мянга, хонь 1718.6 мянга, ямаа 1573.3 мянган толгойгоор өсчээ.

Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.8 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.6 хувь, ямаа 42.1 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.2 пункт, хониных 0.1 пунктээр буурч, адууных 0.1 пункт, үхрийнх 0.2 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна.

Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 3.5-36.2 мянган толгойгоор буурч, бусад аймагт 18.3-399.5 мянган толгойгоор өсчээ. Хэнтий, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад малын тоо хамгийн их буюу 280.7-399.5 мянгаар өсөв.

Харин Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 14 аймаг, Улаанбаатар хот малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.

Хуваалцах