Манай уулчид хойд Америкийн ноён оргилд гарчээ
Монгол улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа тэргүүтэй уулчдын баг Хойд Америк тивийн 6194 метрийн өндөртэй МакКинли ноён оргилд гарчээ.
Мэдээллийн алба

Монгол улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа тэргүүтэй уулчдын баг Хойд Америк тивийн 6194 метрийн өндөртэй МакКинли ноён оргилд гарчээ.
Тэд орон нутгийн цагаар тавдугаар сарын 27-ны өдрийн 15.40 цагт /Улаанбаатарын цагаар тавдугаар сарын 28-ны өдрийн өглөөний 9.40 минутад/ төрийн далбаагаа мандуулсан байна.
Монголын уулчдын багийн бүрэлдэхүүнд Б.Гангаамаа болон ОУХМ, Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Монголын Үндэсний Спорт Авиралтын Холбооны тэргүүн Д.Батжаргал, ОУХМ Д.Эрдэнэтогтох нар багтжээ.
Энэ удаагийн авиралтын нэг онцлог нь манай улсын уулчдаас тус оргилд амжилттай гарсан анхны бие даасан багийн авиралт байлаа. Мөн МУГТ, ОУХМ Б.Гангаамаа, ОУХМ Д.Эрдэнэтогтох нар нь МакКинли оргилд гарсан манай улсын анхны эмэгтэй уулчид боллоо.
Өмнө нь МУГТ, ОУХМ Д.Өсөхбаяр тус оргилд анхлан амжилттай гарсан түүхтэй аж.
Дашрамд дурьдахад МакКинли буюу Денали оргил нь дотоод, гадаадын уулчдын хүрээнд чансаа өндөртэйд тооцогддог бөгөөд уулын бэл дэх баазаас оргилд хүрэхийн тулд далайн түвшнээс дээш 5500 метр өндрийн цэвэр зөрүүг давж гардаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм байна.


















