Маргааш бүх нийтээр амарна
2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д нэмэлтээр дээрх өдрөөр бүх нийтээр амрах заалт оруулжээ.
Мэдээллийн алба

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр маргааш тохиож байгаа тул хуулийн дагуу бүх нийтээр амарна. УИХ-ын 2007 оны 8-р сарын 16-ны хуулиар энэ өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон, улмаар 2011 оны 12 дугаар сарын 23 өдрийн хуулиар “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан байдаг юм.
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон, Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм. Тиймээс энэ өдрийг “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн талаар Түүх судлаач, түүхийн ухааны доктор н.Лонжид ярьж байна.


















