Маргааш "Хөдөөгийн ядуурлыг бууруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг болно
Жил бүрийн аравдугаар сарын 16-ны өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Мэдээллийн алба

Жил бүрийн аравдугаар сарын 16-ны өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Үүний хүрээнд ХХАА-н яамнаас маргааш "Чингис" зочид буудлын хурлын танхимд “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн ядуурлыг бууруулах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон байна.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “МУ-ын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хамтран зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Бакей, Су.Батболд, ХХАА-н сайд Р.Бурмаа, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, НҮБ-ын ХХАА-н байгууллагын суурин төлөөлөгчийн орлогч Кевин Д.Галлахер болон ХАХНХЯ, Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий газраас албаны хүмүүс, Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, дипломат консулын газрууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцоно.
35 дахь жилдээ тэмдэглэж буй “Дэлхийн хүнсний өдөр”-ийг дэлхий нийтээр амжилт арвинтай угтаж байна. Энэ жилийн “Дэлхийн хүнсний өдөр” нь НҮБ-ын ХХААБ байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцаж байна.
Дэлхийн улс орнууд сүүлийн хэдэн арван жилд өлсгөлөнтэй тэмцэх үйлсэд бодит дэвшил гаргаж чадсан. НҮБ-ын ХХААБ-аас хийсэн судалгаанаас үзэхэд 129 орны 73 нь 2015 онд хоол тэжээлийн дутагдлыг хоёр дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрсэн байна. Мөн хөгжиж буй орнуудад хэт өлсгөлөнд нэрвэгдэж буй хүн амын эзлэх хувь 1990 онд 43 хувь байсан бол энэ онд 17 хувь болж мэдэгдэхүйц буурчээ.
Гэсэн хэдий ч дэлхий даяар 800 сая гаруй хүн байнгын өлсгөлөн байдалтай, тэрбум хүн нэн ядуу хэвээр байна. Дэлхийн хэмжээнд ядуусын 80 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдардаг учраас хөдөөгийн ядуурлыг бууруулах асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэдэг нь харагдаж байна.
Нийгмийн хамгаалал нь өлсгөлөн, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой болохыг олон судалгааны дүн нотлон харуулсаар байна. Зөвхөн 2013 онд л гэхэд нийгмийн хамгааллын хөтөлбөрийн үр дүнд 150 сая хүн нэн ядуу байдлаасаа ангижирч чаджээ. Олон оронд санхүүгийн болон эд материалын тогтмол дэмжлэг үзүүлдэг нийгмийн хамгааллын арга хэмжээ, өөртөө туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй нь ядуу болон эмзэг өрхөд алс хэтээ харж, ирээдүйгээ төлөвлөх боломж олгож, итгэл найдвар төрүүлж байгаа билээ.


















