Маргааш хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр
Манай улс энэ өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм.
Мэдээллийн алба

Маргааш хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохионо. Манай улс энэ өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм.
Анх 1998 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг "Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлжээ.
Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг, эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбодь, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг юм. Түүнчлэн эцэг, эх, багш нар хүүхдийг зодож, шийтгэхээс илүүтэй эвээр харьцаж, хүмүүжүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулдаг.
Энэ жилийн тухайд Хүүхдийн төлөө үндэсний газар болон холбогдох бусад байгууллага “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлцгээе, хүүхэддээ бахархан дууриах хүн нь байя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд маргааш үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11:00 цагт хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд уг үйл ажиллагаанд МУБИС-ийн нийгмийн ажилтны ангийн оюутнуудын Флаш моб, урлагийн тоглолт болон бусад хамтран зохион байгуулж буй байгууллагуудын өртөөчилсөн үйл ажиллагаанууд болох ажээ.


















