Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Марс" компани 55 орноос шоколадаа эргүүлэн татна

Тэжээвэр амьтны хоол болон бусад хүнсний бараа бүтээгдэхүүнээс гадна шоколад үйлдвэрлэгч гэдгээрээ дэлхий дахинд танигдсан "Марс" компани 55 улс оронд экспортлосон бүтээгдэхүүнээ эргүүлэн татахаар болжээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Марс"  компани 55 орноос шоколадаа эргүүлэн татна
"Марс" компани 55 орноос шоколадаа эргүүлэн татна. Зураг: МҮОНРТ

Тэжээвэр амьтны хоол болон бусад хүнсний бараа бүтээгдэхүүнээс гадна шоколад үйлдвэрлэгч гэдгээрээ дэлхий дахинд танигдсан "Марс" компани 55 улс оронд экспортлосон бүтээгдэхүүнээ эргүүлэн татахаар болжээ. Өнгөрсөн сард Германд "Марс" компанийн үйлдвэрлэдэг "Сникерс" шоколаднаас хуванцрын хэлтэрхий илэрсэн гэж үйлчлүүлэгч гомдол гаргасан байна. Энэ гомдолтой холбогдуулан "Марс" компани бүтээгдэхүүндээ чанарын өндөр шалгуур тавьдаг, хэрэглэгчдийнхээ эрүүл мэндэд анхаардаг гэдгээ нотлон харуулах зорилгоор шаардлага хангаагүй "Сникерс" шоколадтай хамт "Марс"-ын Нидерланд дахь үйлдвэрт үйлдвэрлэгдсэн бүх шоколадыг олон улсын зах зээлээс эргүүлэн татахаар шийдвэрлэжээ.

Тус үйлдвэрт "Марс", "Милки Вэй", "Сникерс" шоколад, мөн "Селебрейшнс" нэртэй шоколадны цуглуулгыг үйлдвэрлэж, ихэвчлэн Европ тивийн орнуудад нийлүүлдэг байна. Харин "Марс" компанийн төв үйлдвэр байрладаг АНУ-д Нидерландын үйлдвэрийн шоколад худалдаалагддаггүй юм. Зах зээлээс хэдий хэмжээний шоколадыг эргүүлэн татаж байгаа болон үүнээс үүдэн хэдий хэмжээний хохирол учрах тухайд "Марс" компанийн удирдлага тодорхой мэдээлэл өгсөнгүй.

"Марс" компанийн зах зээлээс татах шоколаданд энэ оны есдүгээр сарын 11-нээс аравдугаар сарын 2-нд хугацаа нь дуусах 250 граммын "Марс" шоколад, 227 грамын "Милки Вей", мөн ирэх тавдугаар сараас наймдугаар сарын хооронд хугацаа нь дуусах “Фэмили Фэворайтс”, “Парти Микс”, "Селебрейшнс" зэрэг жижиг шоколадны цуглуулга зэрэг багтаж байгаа юм байна.

“Эм-энд-Эм”, “Галакси”, “Твикс”, “Баунти” зэрэг шоколадыг үйлдвэрлэдэг "Марс" компани дэлхийн хамгийн том хүнсний компаниудын нэгт зүй ёсоор тооцогддог байна. Өнгөрсөн онд "Марс" компани олон улсын зах зээлд 33 тэрбум америк долларын бүтээгдэхүүн борлуулжээ.

Хуваалцах