Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Машинаа ачуулсан жолооч нарт мессежээр мэдээлэл өгнө

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа, авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Машинаа ачуулсан жолооч нарт мессежээр мэдээлэл өгнө
Машинаа ачуулсан жолооч нарт мессежээр мэдээлэл өгнө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа, авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх ажиллагааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гадна хувийн зургаан компани 43 тусгай зориулалтын автомашинаар ачиж, журамлах үйлчилгээ хийж байна. Зохицуулалт хийж байгаатай холбогдуулан иргэдээс 7562 санал, гомдол ирснээс 87 хувь нь хувийн хэвшлийн явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой, 13 хувь нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны талаар байжээ. Харин төрлөөр ангилвал тээврийн хэрэгслийг нь ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг, зогсоолгүй, үйлчилгээний хураамжийг бэлнээр авдаг, төлбөрийн баримт өгдөггүй зэрэг гомдлыг дийлэнх иргэд ирүүлсэн байна. Ингээд санал, гомдлыг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс автомашин зөөж, шилжүүлэх зохицуулалтад өөрчлөлт оруулж, түргэн шуурхай үйлчлэх хүрээнд дараахь ажлуудыг хэрэгжүүлэх саналыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

-Үүрэн телефоны операторуудтай хамтран тээврийн хэрэгслийг нь зөөж шилжүүлсэн талаар эзэмшигчдэд мессежээр мэдээлэл өгөх
-Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн болон бусад үйлчилгээний хураамжийг бэлэн бусаар авах тогтолцоог нэвтрүүлэх, үйлчилгээний хураамжийг 24 цагийн турш төлөх боломжийг олгох зорилгоор ухаалаг гар утастай иргэд шууд төлөх боломжтой “SWIPE” үйлчилгээг ашиглалт оруулах
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг хол зайд зөөхгүйгээр дугуйг нь түгжих
-Тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашиныг хянах зорилгоор тусгай зориулалтын автомашинуудад хяналтын GPS суурилуулах зэрэг ажлыг хийх санал гаргалаа.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх ажлуудыг хийх нь зүйтэй гэж үзээд зарим ажлыг нийслэлийн Засаг даргын захирамж гарган хэрэгжүүлж, тээврийн хэрэгслийг түгжих зэрэг журмын шинэчлэлтийг нийслэлийн ИТХ-ын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах